БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын тухай өгүүлэх “Samsara” үзэсгэлэнг ирэх сарын 12-нд Сөүл хотод нээх нь. “Морьтой ч болоосой” төслийн санаачлагч, сэтгүүлч А.Навчаа БНСУ-д аялах үеэрээ авсан 108 монгол хүний зургийг эл үзэсгэлэнд дэлгэх аж. Тэрбээр “БНСУ-д очоод бусдын л адил ажиллаж, амьдарч байсан. Тэгээд тэнд амьдардаг монголчуудынхаа тухай нийтлэл бичдэг болсон юм. Энэ ажилд минь гэрэл зурагчин хэрэгтэй болсон ч түүнийг цалинжуулах хэмжээний мөнгө надад байсангүй. Цуглуулсан мөнгөөрөө камер авч, нэг жил гаруйн хугацаанд сонирхлоороо зураг авсан. Мөн Солонгос улсад очиж үзээгүй хоёр суурин газар л бий. Аялахдаа очсон газар бүрдээ монголчуудтайгаа уулзаж, нийтлэл бэлтгэдэг байлаа.
Маш олон хүний мэдээллийг цуглуулсан гэхэд болно. Үүгээрээ шинэ цагийн нүүдэлчин хүмүүс хэрхэн ажиллаж, аж төрж буйг олон нийтэд харуулахаар шийдсэн. Үзэсгэлэнд оролцогчдыг үндэснийхээ хувцастайгаа ирэхийг уриалж байгаа. Энэ нь олон улсад Монголоо сурталчилсан хэрэг болно. “Морьтой ч болоосой” төслөөрөө ирэх тавдугаар сард Япон, 6-7 дугаар сард Европын орноор явах төлөвлөгөөтэй. Аяллын багтаа яруу найраг, үндэсний язгуур урлагаа хөгжүүлэгчдийг багтаахыг хүсэж байна. Цаашид ч дэлхийгээр суурьшсан шинэ цагийн нүүдэлчид маань хэрхэн аж төрдөг, өнөөгийн монголчуудын дүр төрхийг гэрэл зурагт буулган, олон нийтэд харуулахыг зорино” гэв.
Бэлтгэсэн: А.Үүлэн