УДБЭТ-ын хамт олон 2024 ондоо шинэ шинэлэг уран бүтээлийн дээжисээс үзэгчиддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ оны эхний балет нь П. И Чайковский “Щелкунчик” А.Адан “Жизель” балетаар, дуурийг П.И.Чайковский “Евгений Онегин” дууриар хийхээр төлөвлөөд байна. Оросын аугаа хөгжмийн зохиолч П. И Чайковскийн алдарт 2 бүтээл энэ оны эхний саруудад тоглогдож байгаа нь онцлог юм. Тэд балетын үзэгч фэнүүддээ зориулан дэлхийн сонгодог балет П.И.Чайковскийн ”Щелкунчик,” А.Адан “ Жизель” балетыг тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна.
Хүүхэд гэлтгүй хүн бүрийн хүсэн хүлээдэг “Щелкунчик” нь анх 1892 оны 12 дугаар сарын 18-нд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байжээ.
Зохиолч Мариус Петипа Э.Т.А.Хоффманы "Цөмөөхэй ба Хулганы хаан" зохиолоос сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд барууны улсуудад 1940-өөд оноос тоглож эхэлсэн тус балетын жүжиг нь зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл юм. Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг энэхүү балетын жүжгээр олдог байна.
Жүжгийн үйл явдал XVIII зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Цөмөөхэй буюу "Щелкунчик"-ийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь "Щелкунчик" бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.
Энэхүү балет нь УДБЭТ-т 1982 онд анх тавигдаж байсан бөгөөд анхны тоглолтын удирдаачаар Ч.Жамсранжав, дэглэн найруулагчаар В.Феодонин, зураачаар А.Морозов нар ажиллаж байжээ.
Харин Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адан "Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгээ хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эртний домгоос сэдэвлэн бүтээсэн юм.
Тариачин охин Жизелийн үнэнч, ариун хайрыг харуулах энэхүү бүжгэн жүжгийг Романтизмын үеийн шилдэг бүтээл гэдэг. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” бүжгэн жүжгээ бичихийн тулд “Жизель”-ийн хөгжмийг нарийн судалж, санаа авсан гэдэг.
"Жизель”-ийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотын "Гранд Опера” театрын тайзнаа амилуулжээ. Дараа нь 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг аж. Харин Монголын театрын тайзнаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд анх “Жизель”-ийг авчирсан.
Дуурийн үзэгчдийн хүсэн хүлээдэг, Сонгодог уран бүтээлдчийн мэргэжлийн ур чадварыг харуулдаг дэлхийн шилдэг дууриудын нэг П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг 2024 оны 01 дүгээр сарын 20, 21-ны 17 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно. Тус дуурь нь 77, 78 дахь удаагаа тоглогдох гэж байгаа ба театрын тайзнаа тоглогдсоны 61 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Тус дуурийн удирдаачаар шинэ, залуу удирдаач Тэлмүүн-Оир ажиллах гэж байгааг дуулгахад таатай байна.
УДБЭТ нь 1963 оны 5 сарын 15 ны өдөр УДБЭТ нь П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийсэн бөгөөд АЖ, ТШ Ж.Чулуун удирдаачаар, УГЗ Д.Лхасүрэн найруулагчаар, АЖ, ТШ Л.Намхайцэрэн тайз хувцасны зураачаар, ХБ, АЖ, ТШ Д.Лувсаншарав хормейстрээр ажиллажээ. Тус дуурийн анхны гол дүрүүдэд: Татъяна- А.Загдсүрэн АЖ, Ольга- Б.Дариймаа МУГЖ, Онегин-Х.Дамиран, Ленский- Г.Хайдав ХБ, АЖ, Гремин-Ц.Пүрэвдорж ХБ, АЖ нар тоглож байжээ.
Уг дуурь нь анх удаа 1879 онд Москвагийн /Малый театр/ Бага театрт тоглож байжээ. Энэхүү гурван бүлэг, долоон үзэгдэлт дуурь нь хүмүүсийн нийтлэг мөн чанар ялангуяа залууст тохиолдох хайр сэтгэлийг олон талаас нь харуулж хайр сэтгэлтэй учирч буй залуусын хувийн зан араншингаас болж хувь заяа нь хэрхэн шийдэгдэж байгааг хөгжмийн тансаг хэллэгээр илэрхийлсэн Оросын сонгодог бүтээлүүдийн дээж юм.
УДБЭТеатрт уг дуурийг анх тоглоход удирдаачаар Ж.Чулуун, найруулагчаар Д.Лхасүрэн, Д.Лувсаншарав, ерөнхий зураач Л.Намхайцэрэн нар ажиллажээ. Үүний дараа нь 1980 онд дахин сэргээн тавьсан байна.