Гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, 30 дахь хамба номун ханы ширээнд залах ёслол хүндэтгэлийн ажиллагаа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр (2023.11.18) Батцагаан цогчэн дуганд боллоо. Монголын бурхан шашны түүхэн дэх томоохон үйл явдлыг үзэгч түмэн сүсэглэн харахаар маш олноор цугларч, Батцагаан цогчэн дуганд хөл гишгэх зайгүй шахам байв. Цагдаагийнхан болон Төрийн тусгай хамгаалалтын албаныхан энэ өдөр Батцагаан цогчэн дуганы хоймор хэсгийг сүсэгтэн олноос хамгаалж, ажиллаж байлаа.
Үүнээс өмнө X богд Жавзандамба хутагт өглөө эрт 07.30 цагт хоёр хамба номунханыг хүлээн авч уулзсан байна. Улмаар Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хичээнгүй зүтгэлт XXIX хамба номун хан гавж Д.Чойжамцаас тамгыг нь авсан юм. Улмаар дараагийн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид шилжүүлэн өглөө. Ийн Монголын бурхан шашны хэргийг дэлгэрүүлэх, номын үйлсийг залгуулах үүргийг 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж хүлээн авлаа. Улмаар оройн дээд, Очирдарын хувилгаанд хадаг өргөж, цогчэн дуганы суудалдаа заларлаа.
Энэтхэгийн Дарамсалагаас Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголын Гандантэгчэнлин хийдийн шинэ хамба лам, гэвш Жавзандоржид хандан шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж захидал илгээснийг танилцууллаа. Түүнчлэн ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын гишүүд, төв Гандантэгчэнлин хийдийн гэвш, лхаарамба, бусад хийдийн хамба лам нараас гадна Элчин сайд нар оролцлоо.
Дуламрагчаагийн Жавзандорж
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн XXX хамба номунхан, лхаарамба Д.Жавзандорж 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.
Эцэг Дуламрагчаа нь Сүхбаатар аймагт автын байцаагч байсан. Тэрбээр айлын 4 хүүхдийн ганц хүү нь. Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийд 1991 онд ахин сэргэн үйл ажиллагаа явуулж эхлэхэд 7 хүүхэд шавилан суусны нэг нь болж, 11 насандаа анхлан бурхны номд суралцсан байна.
1993 онд Улаанбаатар хотод ирээд МБШТ Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацанд ачид багш Дашжамц багш гүн ухааны чойрын ном зааж байхад нь аз, ерөөлөөр таарч Буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн гэдэг. Удалгүй Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав, тэр үеийн дэд хамба Цэдэндамба нарын ивээлээр ачит багш Цэрмаа дээдэс Зүүн хүрээнд морилон шавь нараа гүн ухааны номонд сурган, нүдийг нь нээж хайрлан Энэтхэг явж сайн сурах замыг ч зааж өгсөн ажээ.
1998 онд Энэтхэгт суралцахаар явж Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэн 2018 онд Бурханы шашны лхаарамба цол хамгаалсан байна. Лхаарамба бол бурхны шашны гүн ухааныг судалсан хүнд олгодог хоёрдугаар зэргийн цол юм. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг. Эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг байна. Д.Жавзандорж нь энэ шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч лхаарамба цол авчээ. Мөн 2003-2017 онд Энэтхэгийн Гоман дацанд багшилсан байна.
2019 онд эх орондоо бүрмөсөн ирж Гандантэгчэнлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд багшилсан. БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам нь тэргүүн хамбын үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн, хичээнгүй зүтгэлт XXIX хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцын нэр дэвшүүлнээр 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувиар дараагийн XXX хамба номунханы үүрэгт албанд томилогдсон байна.
МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX хамба номун хан Д.Жавзандорж гэлэн сахилтай, эхнэр аваагүй. Ардын хувьсгалаас хойш төрсөн анхны лхаарамба цолтон юм.