ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулган өнгөрсөн есдүгээр сард болж, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэхээр шийдвэрлэсэн билээ. Монгол орны нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөнүүд нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн угсаа гарваль, нийгэм, аж ахуй, соёл, овог, аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон мэдээллийг агуулдгаараа онцлогтой юм. Дэлхий дахины энэхүү хосгүй өвийг олон нийтэд таниулах зорилготой уралдааныг Чойжин ламын сүм музейгээс зарлажээ. Тодруулбал, тус музейнхэн Монголын уран зургийн галерейтай хамтран “Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн гар зургийн уралдаан зарлаж, оролцогчдын бүтээлийг хүлээн авч эхэлсэн байна. Хүүхдүүд бүтээлээ энэ сарын 15-ны 17.00 цаг хүртэл илгээж болох аж. Уралдаан 6-10, 11-15, 16-18 гэсэн насны гурван ангилалтай. Оролцогчдын бүтээлээс шилдэг 100-г нь шалгаруулж, энэ сарын 20-23-нд “Норфей арт” галерейд үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэднээс шилдэг 13 уран бүтээлч хүүхдийг тодруулж, урамшуулах гэнэ.