Соёлын яамнаас 2023 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгож зарласантай холбогдуулан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Соёлын төвийн дэргэдэх “Шидэт бийр” урлангийн сурагчид нийслэлчүүдэд бүтээлээ толилуулжээ. Авьяаслаг сурагчид “Мандах нарны хүүхдүүд” сэдвийн хүрээнд Хүүхэлдэйн театрын үзэсгэлэнгийн танхимд 20 гаруй бүтээлээ дэлгэж, олон нийтэд танилцуулсныг гурав хоногийн хугацаанд цөөнгүй хүн үзэж, сонирхсон гэнэ. Улаанбаатарчуудад уран бүтээлээ дээжлэн толилуулсан авьяаслаг сурагчид ч Монголын урчуудын эвлэл, “Монументаль арт” галерейд зочилж, дүрслэх урлагийн бүтээлүүдтэй танилцсан байна. “Мандах нарны хүүхдүүд” үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Сүхбаатар аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар ажилласан бол ивээн тэтгэгчээр Соёлын яам, Хүүхэлдэйн театр, дэмжигчээр Монголын урчуудын эвлэл, “Амгалан ертөнц” сан, “Талын түрлэг” бүлгэм оролцжээ.
Бэлтгэсэн: Н.Ган