Төв Азийн өндөрлөг уулс бүхий орнууд Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг 11 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. 2013 онд баталсан Бишкекийн тунхаглалаас улбаатай эл өдрийг цоохор ирвэс бүхий улсууд жил бүрийн аравдугаар сарын 23-нд нэгэн зэрэг тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд үүнд өндөр ач холбогдол өгч, өргөн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулдаг орнуудын нэгт Монгол багтсаар ирсэн. Учир нь манай улсад цоохор ирвэсийн томоохон популяц оршдог. Дэлхий дээрх нийт бодгалийн 20 орчим хувь нь Монголд бий гэж үздэгийн ихэнх нь Алтай Соёны эко бүсэд бүртгэгдсэн байдаг. Олон улсын байгууллагынхны мэдээлснээр, хамгийн сүүлд хийсэн тооллого, судалгаагаар манай улсад өдгөө дунджаар, нас бие гүйцсэн 953 ирвэс бий гэнэ.
Эл тэмдэглэлт өдрөөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монголын урчуудын эвлэл хамтран “Цоохор ирвэсийн эх нутаг” үзэсгэлэн нээлээ. Уг арга хэмжээнд 40 орчим уран бүтээлч нэгдэж, инстоляц, уран зургийн 53 бүтээл ирүүлснийг “М-Арт” галерейд дэлгэсэн байв. Тэдгээр бүтээлийг энэ сарын 29 хүртэл олон нийтэд танилцуулах нь. Мөн БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Монголын ирвэс төв”, “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллагаас өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан өдөрлөг зохион байгуулсан юм. Үүнд нийслэлийн ерөнхий боловсролын 29, 32 дугаар болон “Хүмүүн” олон улсын сургуулийн эко клубийн сурагчид оролцож, “уулын эзэн”-ий тархац нутаг, зан төрхийн онцлогийн талаарх ойлголт, мэдлэгээ дээшлүүлэв.
Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг баруун аймгийнхан өргөн дэлгэр тэмдэглэдэг заншилтай. Өнөө жилийнхийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Ирвэсийн эх нутаг” нэрийн дор зохион байгуулж, дөрвөн аймгийн 27 сумын 81 сурагч, 27 багш, мэргэжилтнийг хамруулжээ. Үүний хүрээнд гар зургийн үзэсгэлэн, нэгдсэн парад, ирвэс хамгааллын сэдэвт хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгууллаа.