Соёлын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн арга хэмжээ нь Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, нийгмийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох зорилготой бөгөөд байгалийн, үйл явдлын, баримтат, уран сайхны болон хэвлэл мэдээллийн зэрэг гэрэл зургийн бүхий л чиглэлээр шилдэг бүтээлүүдийг дэлгэж олон нийтийг мэдээлэл, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх эрэлт, хэрэгцээг хангасан өргөн агуулга бүхий томоохон анхны арга хэмжээ болж буйгаараа онцлог юм.
Арга хэмжээнд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчид, тодруулбал “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Монцамэ”, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл зургийн агентлагууд, “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын нэгдэл, Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг, спортын гэрэл зурагчид, “Хүрээлэн”, баримтат зургийн “Батзориг сан”, өв соёлын “Эгэл” төсөл хэрэгжүүлэгчид, олон улсын гэрэл зурагчид, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг студи, клуб, компани, хувь хүмүүс, сонирхогчид оролцож байна.
Монголын гэрэл зургийн хөгжлийн чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал, дроны, гар утасны зураг авалт, шинэ техник, технологийг танилцуулах сургалт, үзүүлэх тоглолт, зөвлөгөө, ярилцлага, хэлэлцүүлэг, мөн гэрэл зурагчны аппарат хэрэгслийн засвар үйлчилгээ, “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдаан, “Хуучин гэрэл зургийн цүнх” үзэсгэлэн зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдээр үргэлжлэх юм. Үзэсгэлэн Хан-Уул дүүрэг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.