“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд "Монгол Орон Бидний Дуранд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ. Энэхүү үзэсгэлэнг “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж байна. Монголын шилдэг гэрэл зурагчид Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг нийгэмлэгийн 20 гаруй гэрэл зурагчдын жилийн дөрвөн улиралд эх орныхоо өнцөг булан бүрт авсан Монголын өвөрмөц ахуй соёл, говь хангай талын нуугдмал үзэсгэлэнг шингээсэн 37 бүтээл тавигдлаа.
Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа ба Дубай, Австрали, Польш орнуудад үзэсгэлэнгээ гаргажээ. Ирэх сард АНУ-д үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байна. Мөн Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Үзэсгэлэн 7 хоногийн турш үргэлжилнэ.