Монголын эдийн засгийн хөдөлгүүр хүч болох уул уурхайн салбарын “Mining Week-2023” үргэлжилж байна. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг эзлэх уул уурхай, олборлох салбарт хариуцлага өндрөөр яригддаг. Тиймээс энэ жилийн нэгдсэн арга хэмжээ хөрөнгө оруулалтаас гадна хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг эхний өдрөө хэлэлцлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Олборлолтоос боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт бүхий л шатанд дээрх алтан зарчим биелэлээ олж, байгаль орчин-нийгэм-засаглалын зарчимд нийцэх ёстой” гэдгийг чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн. Өнөөдрийн чуулга уулзалтаар “Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар” сэдвээр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл эхний илтгэлийг хэлэлцүүлсэн бол “Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин”-ы талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ илтгэл тавилаа.
Тус илтгэлд “Уул уурхай, олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэж, нийт 680 сая ширхэг мод тарих амлалт өгсөн. Хот байгуулалт талаас авч үзвэл, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хот болгох ажил эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах олон улсын санаачилга, алхмууд уул уурхайг ногоон болохыг шаардаж байна. Учир нь тус салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их. Тиймээс олборлолт явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгээд зогсохгүй ногоон хөгжилд уул уурхайн компаниуд манлайлах цаг болсныг энэ удаагийн чуулга уулзалтын эхний өдөр хөндлөө. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах хүрээнд эрчим хүчний зарцуулалтыг бууруулах, ус ашиглалтыг хэмнэх технологийн шийдэл, санал санаачилга хамгаас чухалд тооцогдож байна. Компаниуд үйл ажиллагааны стратегиа хариуцлагатай уул уурхайн зарчимтай уялдуулан шинэчлэх, уламжлалт арга барил, нийтлэг байдлаа эргэн харах, байгаль орчны далайцтай бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай” гэдгийг дурдлаа.