“АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжиг аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн "Corporate convention center"-ийн тайзнаа нийслэлчүүдийн хүртээл болно. Жүжгийг энэ удаад Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулж, тайзнаа дахин амилуулах нь. УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал төрөлх Завхан нутгийнхаа театрын тайзнаа туурвисан түүхэн бүтээлийн гол дүрд тоглож буй.
Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Огторгуйн цагаан Гарьд сантай хамтран аймгийнхаа 100 жилийн ойд зориулан туурвисан уг бүтээлийн нээлт өнгөрсөн долдугаар сард Завхан аймагт болсон юм. Жүжгийг олон нийтийн хүртээл болгоход соёл урлагийн салбарынхнаас гадна төр хувийн хэвшил хамтран ажиллаж ард түмнийхээ оюун санаанд үнэтэй хувь нэмрийг оруулж буйгаараа онцлог юм.