Уран зургийн галерейд Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Таван амьдрал” үзэсгэлэн нээгдлээ. Японы гэрэл зурагчин Мацүмото Ёшико санаачилж, манай улсын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо дэмжсэнээр таван уран бүтээлч бүсгүй жил гаруйн хугацаанд хэрхэн ажилласнаа танилцуулж, бүтээлүүдээ дэлгэсэн нь тун сонирхолтой. Тэд тус бүртээ нэг эмэгтэйг сонгон, дүр болгож, жилийн хугацааны амьдралыг нь судалж, түүх болон үлдэх баримтат гэрэл зургийн бүтээлүүд туурвижээ. Мацүмото Ёшико шүдний эмч, 98 настай эмэгтэйг “онилж”. эдэн жилийн өмнө хүртэл ажлаа хийсээр байсан Мива Санжо үндсэн ажлынхаа хажуугаар драмын жүжигт хэрхэн тоглож, үзэгчдийн талархлыг хүлээж ирсэн талаар гэрэл зургуудаараа өгүүлжээ. Удахгүй 100 нас хүрэх эмэгтэйн арьс унжиж, нуруу бөгтийсөн ч сэтгэл, зүрх нь ямар залуу, гал цогтой вэ гэдгийг таашгүй болохыг тэрбээр бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон байна.
Гэрэл зурагчин С.Бадамханд шүхрээр хөөрөгч Болормаа тун “шидтэй” бүсгүй болох талаар өгүүлэв. Харин Л.Номингэрэл болохоор хилчин, мэргэн буудагч ахлах ахлагч Д.Даваанямын ажил, үүргийн онцлогийн талаар фото түүх бичсэн байна. Ш.Отгонжаргал мэдэж, сурч, хөгжихийн төлөө тэмүүлэгч өрх толгойлсон эмэгтэй Я.Ариунтөгсийн зоримог, зүтгэсэндээ хүрдэг чанарын талаар мэдээлжээ. УИХ-ын Тамгын газарт гэрэл зурагчнаар ажилладаг Г.Эрдэнэтуяа улстөрч эмэгтэйчүүд бусдын адил ээж, эгч, олон талт амьдралын эгэл нэгэн баатар, дүр гэдгийг харуулахаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ажил, хөдөлмөрийн нэгэн жилийн түүхээс гэрэл зургаар товчлон дээжилсэн аж.
Гэрэл зурагчдын нэгдсэн холбоонд сонгуульт ажилтай Ш.Отгонжаргал “Өнөөдөр загвар болж буй мэт найр, наадам, арван жилийнхний уулзалт, ургийн баяр гэх мэт нь 10 жилийн дараа байхгүй болохыг үгүйсгэхгүй. Цаг цагаараа биш. Ирээдүйд өнөөгийн онцлогийн тухай бидний бүтээлээс харж, ойлгож ч магадгүй. Тиймээс бид амьдарч буй үеийнхээ тухай мэдээллийг баримтаар бичиж, үлдээхийг зорьдог юм” гэлээ.