Адуу янцгааж, тургих ахуйд гүүн зэлэн дээр ногтондоо түүртэж байснаа төд удалгүй босоогоороо унтаж орхисон нь илт турьхан хөлтэй унага “Би юугаар дутах вэ” гэх шиг туниа муутайгаар янцгааж аядах нь “Нүүдэлчин” соёлын наадмын өнгө гэлтэй. Ухаа ягаан зүсмийн нэн сонирхолтой “амьтан” гүйж явахыг харсан хүүхдүүд түүнийг гахай гэцгээв. Нэг нь “Үгүй, ямар ч байсан гахай биш” гэхэд хажуунаас нь нөгөөх нь “Гахай л юм шиг байна” гэсэн. Удалгүй аав, ээж нь гүйцэж ирээд тэр үл мэдэгдэх “амьтан” болбоос сарлагийн тугал буюу торой гэдгийг хэлж өгсөн юм. “Монгол гэрийн үүсэл” хэмээх хэсэгт айлын эзнийг нь дүрсэлсэн баримал мөн нохой, хурга зэргийн чихмэлүүдийг гэрийн урдуур өрсөн байхыг харсан жаахан охин нохойноос нь айгаад ойртохгүй байх нь өхөөрдөм.
Энэ тэрийг ажиж явтал хойхно талд ямар нэгэн уриа дуудлага санагдуулам авиа гарсан тул тийш очиход Хөвсгөлийн анчин залуу анчны оромж буюу жаглагийнхаа дэргэд урамдаж, буга хэрхэн дууддагийг сонирхуулж байлаа. Тэрбээр үзэгчдийн хүсэлтээр чоно яаж дууддагийг сонсголоо. Яг л чоно ульж буй мэт ажгуу. Цаатнуудын амьдрал, ахуй, аж байдлын онцлог, эцэг өвгөдөөс уламжлан, өнөө ч авч яваа соёлын элементүүдийн зах зухаас танилцуулахад л суурин соёлтой болсон орчин үеийн монголчууд “ангайн” хүлээж авах нь нэг талаар гадаад хүмүүс шиг санагдах. Хөвсгөлийнхөн цаатны гурван урц, анчны нэг жаглагтай иржээ. Тэд язгуур дархад, цаатан өв соёлоос танилцуулахаар “Нэрстэй хүрэн тайга”, “Самгалдай” зэргээ дуулж, бөөгийн болон цаатан бүжиг сонирхуулж, хэл хуур, ангийн уриа дуудлагыг тайлбарлаж буй аж. Мөн баруун тайгын нэгэн залуу гэр бүл зургаан цаа авчирсан тухай тус аймгийн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Х.Баасансүрэн ярилаа.
Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн газраас хамтран зохион байгуулсан “Нүүдэлчин” соёлын наадмын эргэн тойронд дээр дурдсанчлан хөгтэй, хөгжилтэй үйл явдал нэг бус болж байлаа. Дэлхийн соёлын наадам хэмээн тодотгосон, гурван өдрийн турш үргэлжилсэн уг арга хэмжээ нийслэлийн Налайх дүүрэг, III хорооны нутаг дэвсгэр дэх Тайж хайрханы бэл хэмээх газарт энэ сарын 18-20-нд болсон юм. Түрүү жил үүнээс хойхно Тэрэлжид, Туул голын хойд биед зохион байгуулахад уул, усанд хавчигдсан гэж үзсэн болов уу, энэ удаа тал газрыг сонгосон нь оносон мэт. Ядарсан нэг нь хаана яваа газартаа сууж, хэвтэн алжаал тайлах ч боломжтой юм билээ.
Уг наадам нь цоо шинэ зүйл биш юм. Өмнө нь ардын урлагийн наадам нэрээр дөрвөн жил тутамд явуулж, аймаг, аймгийн авьяастан, уран гартнуудыг урин, бүтээл туурвилаас нь танилцуулдаг байсан. Соёлын яам өнгөрсөн жилээс “Нүүдэлчин” хэмээн нэрийдэж, царааг нь тэлсэн. Энэ удаа дэлхийн гэж тодотгожээ. Цаашид жил бүр тогтмол явуулна гэж буй.
Цэлмэг, хааяа бүлээн салхи хормой дэрвүүлэх таатай өдөр эргэн тойрноо ажигласан шигээ аймаг, аймгийн отгуудаар явж, өргөн уудам газар нутагтай Монгол орны маань аль өнцөг буланд хүн зон ямар аж ахуй эрхэлж, монголчуудын уламжлалт соёлоос ямрыг нь тээн, өнөөг хүртэл уламжлуулан өртөөлүүлсэн бэ гэдэгтэй танилцаж явах таатай байлаа.
Дархан-Уул аймаг олон үндэстэн, ястны нутаг. Тэртээ 63 жилийн өмнө Дархан хотыг байгуулахад эх орны дөрвөн зүг, найман зовхисоос залуус суурьшин, ажиллаж бүтээхээр ирсэн нь өдгөө нутаг, нутгийн өв соёлыг тээгчид хамтаар аж төрөхийн эхлэл болсон түүхтэй ажгуу. Тус аймгийн удирдлага, Соёл урлагийн газрынхан уг наадамд яаралтай хамгаалах соёлын өвүүдийн талаар танилцуулахаар шийдсэн байна. Жишээ нь ном бүтээх уламжлалт арга буюу найман цагийн хугацаанд монгол бичгийг сав шим ертөнцтэй холбож хэрхэн сурах технологийг олон нийтэд танилцуулсан байна. Эмийн ургамлаар гар аргаар буюу зөвхөн уур, нүдүүр ашиглаж тан хэрхэн хийх талаар өвлөн уламжлагч Туул тайлбарлаж байв. Мөн монгол зураг, уран хатгамал, хайчилбар, эсгийгээр бүтээх аргыг чухалчилжээ. Язгуур урлаг, зан үйлийн гэрт нь 30 гаруй өвлөн уламжлагч ардын язгуур урлагийн тоглолт сонирхуулж байлаа. Бас нэгэн онцлох өв нь монгол банхар болон тайга нохойг өсгөн үржүүлэх бөгөөд бусад аймагт аль болох олноор хүргэхийг зорьдгоор онцлогтой. Эдгээр нь малч ноход тул хүн бүл цөөтэй малчдад ихээн тус болдог байна. Тус аймгийнхан түрүү жил энэхүү наадамд оролцохдоо язгуур урлагийн тоглолтоор баруун аймгуудыг гүйцэхгүй байх хэмээн эмээснээр өөр сэдвийг голчилсон юм билээ. Түүнийгээ алдаа хэмээн үзсэнээр, энэ удаа залруулж, газар газрын уугуул өвлөн уламжлагчдынхаа дуу хуур, хөгжим наадгайг олон нийтэд хүргэж байгаа тухай тус аймгийн Соёл урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ ярилаа.
Хэнтий аймгийнхны гэрийн гадаа байсан байгалийн аясаар ургасан битүү модоор урласан бэлэг дурсгалын зүйл сонирхолтой. Энэ нь тус аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Н.Чулуунбатын ажлууд аж. Битүү мод нь байгалийн аясаар нийлж ургасан, эхлэл, төгсгөл үгүй, бас зааг байхгүй гэнэ. Амьдрал бол мөнхийн, саад бэрхшээлгүй үргэлжилж байхыг бэлгэдэн, байгалийн дахин давтагдашгүй бүтээлээр урладаг нь түүний онцлог ажээ. Эднийх Балданбэрээвэн хийдээс урагш 30 гаруй км-т нутагладаг айл бөгөөд 30-аад жилийн өмнөөс төрөл бүрийн мод тарьж ургуулснаар өдгөө багагүй төгөл болон өргөжсөн байна. Гэргий нь уран гартан. Түүний 17 метрийн урттай эсгий дээр Марзан Шаравын “Монголын нэг өдөр” зургаас сэдэвлэж, зүүгээр урлах олон аргыг нэгтгэж бүтээсэн хөшгөөр нь Хэнтий аймгийнхан отог гэрээ гоёсон байлаа. Говьсүмбэр аймгийн отогт очлоо. Эднийх наадамд боржигон өв соёлыг боржигон эмээл, морин хуур, идээгээр төлөөлүүлэн оролцож байлаа. Эрэгтэй, эмэгтэй хүнийх, хүүхдийн гэсэн гурван төрлийн эмээл байна.
1900-гаад оны, ширэн цартай шанаган морин хуур нь тус аймгийн уугуул, И.Цогбадрах гавьяатын хэрэглэж байсан зэмсэг аж. Өргөн утас нь дотор талдаа, нарийн нь гаднаа байдаг онцлогтой бөгөөд нэг утсан дээр нь тоглож, аялгуу эгшиглүүлж болдгоор өвөрмөц, ялгаатай. Ер нь боржигон морин хуурын толгойг эртнээс нааш газар эхийг бэлгэдэн ногоон өнгөөр будаж иржээ. Бас амьдчилан урладаг байснаар онцлог. Тоглоход толгойнх нь чих солбиж хөдөлдөг, хэл нь бултас хийж гардаг байх жишээтэй. Үүнийг газар, газарт домог хэмээн үзсээр ирсэн бол Говьсүмбэрийнхэн урчууд нь үнэхээр ингэж урладаг байсныг баримтаар харуулдаг юм байна. Тухайлбал, энд тайлбарлаж буй ногоон толгойт хуурын чихийг хөдөлгөөнтэйгөөр хийжээ. Гагцхүү хоёр зууны тэртээ бүтээсэн тул өдгөө үзмэр төдий тул тоглосон ч, чих солбихгүй. Тайлбарлагч хуруугаараа хүрэхэд бол хөдөлж байна лээ.
Энэ нутгийн хэвийн буюу тавгийн боов нь элдэв хээгүй байдаг аж. Зүүн жанжин Чойрын хийдийн улбаатай нь нимгэн, харин баруун хийдийн ёсыг баримталдаг айлууд зузаанаар хийдэг ажээ.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд аймгууд хэрхэн бэлтгэж ирсэн талаар цухас мэдээлэхэд ийм байна. Зохион байгуулагчид монгол соёлыг таван мэдрэхүйгээр мэдрүүлэх зорилгын дор ардын язгуур урлагийн үзүүлбэрүүд, гар урлалын бүтээгдэхүүн, Монголын уламжлалт хоол, идээ, ундааны үзэсгэлэн худалдаа, соёлын өвүүдийн талаарх болон үндэсний спортын тэмцээн, сургалт, үзүүлбэрүүдээр үзэгч, оролцогч олонд гурван өдрийн турш үйлчиллээ.
Ардын язгуур урлагийн тоглолтууд төв тайзнаа болон аймаг, аймгийн отгуудад болсон. Мөн олон улсын язгуур урлагийн тоглолттой байв. Хөрш орнууд, тэр дундаа монгол туургатнууд бүхий Буриад, Халимаг, Тува, Саха улсын язгуур урлагийнхан, БНСУ, Казахстан улсын үндэсний урлагийнхны тоглолт анхаарал татам байлаа. Аль ч улсын ардын авьяастан, уран бүтээлчид өвөрмөц дуу хуур, авиа дуудлагаа танилцуулж наадамчин олны чихийг дэлдийлгэж, нүдийг хужирлаж байв.
Монгол үндэсний хувцас, “Монголын сайхан орон” гэрэл зургийн, баримтат өвийн үзэсгэлэн, “Цаатан” зан үйлийг сурталчлах, ширээний шагайн, тулам булаалдах тэмцээн, мал маллах арга ухааны болон монгол анч, тайга, хоточ банхар нохой, шувуучлахуйн гээд наадамчид саатаж сонирхох, таалан болгоох үзүүлбэр олонтой, тун баялаг наадам болоод өндөрлөлөө.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд жишээ татан дурдах сонин содон мэдээлэл олон. Зайлшгүй тэмдэглэх нь 512 хөгжимчний тоглолт байв. Монголын үндэсний урлагийнхан, тэр дундаа ҮУИТ-ынхан монголчууд Юань гүрнийг байгуулж, Хубилай хаан байх үед ордонд нь нүргэлэн эгшиглэж байсан 512 хөгжимчнөөс бүрдсэн найрал хөгжмийг орчин цагт дуугаргах сан хэмээн ярилцдаг, мөрөөддөг байсан юм. Уран бүтээлчдийн мөрөөдөл энэ удаагийн “Нүүдэлчин” наадмаар биелсэн. Хубилай хааны их оркестр энэ цаг үед чухамхүү Тайж хайрханы бэлд дахин, анхлан эгшиглэх ерөөлтэй байж. ҮУИТ-ынхан, Морин хуурын чуулгынхан, 21 аймгийн хөгжимт, дуулалт жүжгийн театрын хөгжимчидтэй хамтран, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарын удирдлагаар нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” бүтээлийг бэл, хөндий сэртэл нүргэлүүлсэн нь ер бусын байв.
Мөн гадаадын уран бүтээлчдийн тоглолтоос Саха улсын уран бүтээлч эмэгтэйн тоглолтыг дурдалгүй өнгөрч боломгүй. Морь болон янцгаан, тургиж, дөрвөн мөчөөрөө газар цавчлах мэт сэтгэгдэл төртөл дуулж, хэл болон аман хуураар газар дэлхий “бөмбөртөл” шахам тоглодог түүний эрч хүч умардын салхи татуулах мэт, алсын газрын “амьсгааг” нь хүртэл аваад ирсэн мэтээр огшоосон юм.
“Нүүдэлчин” үнэхээр дэлхийн соёлын наадам болох нь. Үүнийг эртхэн, долдугаар сард багтааж зохион байгуулж байвал ончтой санагдсан. Тэгвэл жуулчид олноор үзэх боломжтой мэт. Тэгж гэмээнэ манай улс үндэсний баяр наадмын хэрийн соёлын бас нэгэн томоохон брэндтэй болох төлөв байна.