Манай улсад “Монголиан арт” олон улсын уран баримлын симпозиум үргэлжилж байна. Үүнийг “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” байгууллагаас “Норд арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнтэй хамтарч ажилладгийн хувьд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж буй аж. Симпозиумын хүрээнд Монгол, ХБНГУ, Итали, Испани, Болгар, Эстони, БНСУ гэсэн долоон орны есөн уран барималч Тэрэлж дэх “Гүрү эко” цогцолборт бүтээл туурвиж буй юм байна. Тэдний том, зарим нь гурван метр хүртэлх өндөртэй чулуун бүтээлүүдээс бүрдүүлэх “Public art-Urban sculpture” үзэсгэлэнг энэ сарын 24- нөөс ирэх сарын 30 хүртэлх хугацаанд ХААН банкны гаднах талбай болон “Хаангалерей”-д гаргах аж.
“Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” байгууллагын тэргүүн нь ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа юм. Уг симпозиумыг ирэх онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны50 жил, монголчууд “Норд арт”-тай хамтарч ажиллаж эхэлсний 10 жилийн ойг угтуулан зохион байгуулж буй аж. Олон улсын уг арга хэмжээг ирэх оноос эхлэн Монголд гурван жил тутамд илүү өргөн хүрээтэй явуулахаар төлөвлөжээ. Дээрх байгууллага болон соёлын элч О.Оюунтуяа нь ХБНГУ-д жил бүр зохион байгуулдаг “Норд aрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 2015 оноос хойш Монгол Улсынхаа дөрвөн удаагийн бие даасан павильон ажиллуулсан байна. Ингэснээр жил бүр 120 мянга гаруй олон улсын үзэгчид 120 монгол уран бүтээлчийн 350 орчим ажлыг танилцуулжээ.