Гурван жил тутамд зохион байгуулагдах “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” нэртэй уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны анхдугаар уралдааныг Монголын суут соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн ноён хутагт ЛУВСАН ДАНЗАНРАВЖАА гэгээнтний мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгон зарлаж байна. 16-35 насны оролцогчдын дунд хоёр үе шаттайгаар, мэргэжлийн болон суралцагч гэсэн хоёр ангиллааар зохион байгуулна. Уралдаанд оролцогчдыг наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 8-ныг хүртэл www.ulemjiinchanar.org сайтаар бүртгэнэ. Уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны нэгдүгээр шат Улаанбаатар хотод есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд болно. Улмаар дараагийн шатанд тэнцсэн 22 оролцогч есдүгээр сарын 25-нд тодорно. Хоёрдугаар шатны шалгаруулалт Сайншандад аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд болно. Уралдааны “Гранпри” шагналын эзнийг цом, 10 сая төгрөгөөр урамшуулах юм байна.