Дуу, хөгжим бүтээгчдийн анхдугаар чуулган саяхан болов. Төрийн шагналт, дуучин Д.Болд санаачлан, Дуу, хөгжим бүтээгчдийн ассоциац, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд рок поп урлагийнхан, хөгжмийн зохиолчид, студи, продакшны төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудлуудаа ярилцжээ. Зохион байгуулагчид дуу, хөгжим бүтээгчдийн оюуны өмчийг яаж хамгаалах, тэдэнд бодит ашиг хэрхэн хүртээх тухай голчлон хөндөхийг зорьсон аж. Чуулганы үр дүнгийн талаар Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгээс лавлахад “Оюуны бүтээл үнэгүйдсэн хэвээр. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаарх хууль тогтоомжид зохиогчийн эрхийг хамгаалах заалтууд бий ч хэрэгжүүлэхгүй юм. Дуучин Д.Болд уран бүтээлчдийн нэгдсэн сервер байгуулахад төрөөс нэг удаа дэмжээч гэсэн санал тавиад байгаа. Маш зөв. Өнөө, маргааш шийдэх нь юу л бол. Одооноос дуугарч байвал алсдаа сайжрах байх” гэсэн юм.