Япон орны соёл, орчин цагийн хөгжлийг сурталчлах зорилгоор Үндэсний соёл, амралтын хүрээлэнд жил бүрийн наймдугаар сард зохион байгуулж ирсэн “Япон фестиваль Монголд” арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулснаа “Нарны наадам” НҮТББ-аас мэдэгдлээ. Энэ сарын эхээр нийслэлд бороо элбэг орсноос парк усанд автаж, наадмын үндсэн талбай болох “White rock center”-ийн хэсэг сүйдсэн тул ийм шийдвэр гаргажээ. Мөн бохирдсон газруудыг гүйцэд ариутгаж, цэвэрлээгүй байхад нийтийг хамруулсан үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй гэж үзсэн байна.
Наадам зохион байгуулах хорооныхон “Япон фестиваль Монголд-2024” үйл ажиллагааг эрүүл, аюулгүй орчинд зохион байгуулахын тулд холбогдох байгууллагуудтай хамтран тухайн газрыг 100 хувь нөхөн сэргээнэ” гэв. Ташрамд дурдахад, уг наадмын үеэр арлын орны уламжлалт хоол, урлаг, тулааны спортыг харуулсан үзүүлбэр толилуулж, сонирхолтой тэмцээн, уралдаан явуулж, боловсрол, аялал жуулчлал, техник, технологийн салбарын аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулдаг онцлогтой.
Бэлтгэсэн: Н.Мишээл