Театрын музейд “Шилжилтийн үеийн зурагт хуудас” үзэсгэлэн нээлээ. 1990 оны ардчилсан хувьсгалын үйл явцыг сурвалжилж, гадаадын орнуудад Монголын нөхцөл байдлын талаар мэдээлж байсан финланд сэтгүүлч, гэрэл зурагчин Ирья Халаш, МоАХ, “Зориг” сан, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, зураач Д.Баатарсүрэн нарын цуглуулгаас түүвэрлэсэн 70 гаруй зурагт хуудсыг үзэсгэлэнд дэлгэжээ. Малчдын төлөөлөл эрэгтэй, тариачдын нэрийн өмнөөс бас нэгэн эрэгтэй, харин сэхээтнүүдийг дээл өмсөж, үсээ цэгцтэй гэгч нь самнаж, гартаа ном барьсан бүсгүйгээр төлөөлүүлэхдээ бүгд баруун гараа өндөрт өргөн, нэгэн зүгт харсан байдлаар зурагт хуудсанд дүрсэлжээ.
Тэнд “Орон нутгийн засаг захиргааны сонгуульд манай орны тэргүүний хүмүүсийг оруулахын төлөө, манай хайрт эх орны цэцэглэл, хөгжлийн төлөө саналаа өгөгтүн” гэжээ. Энэ нь улс төрийн сонгуулийн зурагт хуудас аж. 1984 оны, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын нүүрийг нийлүүлэн, таагүй төрх илэрхийлэн зурсан хуудас ч байна. Үүгээр чухам юу хэлэх гэв, тухайн жилд л гэхэд олны дунд тэдний бодлогыг шүүмжлэгчид өндөлзөж эхлэв үү гэж “унших”-аар бүтээл аж. Энэ мэтчилэн 1990-ээд оноос хойш 2000-аад он хүртэлх хугацаанд монголчуудын үзэл бодол хэрхэн өөрчлөгдөж ирснийг үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс ойлгож болох юм байна. Үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.