Монгол Улсын дархан мэргэн Б.Баатарбат удам дамжсан шагайн харваач. Тэрбээр хүүхэд байхаасаа аавынхаа шагай харвахыг харж, энэ спорттой нөхөрлөжээ. Түүний аав Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүхийг наадамчин олон “Мэргэн Баваа” хэмээн ихэд хүндэлдэг. Баваагаар нутаг нутгийн харваач баяр наадмын өмнө шагайн харвааны хэрэгсэл хийлгэхээр зорьж ирэх нь олон. Тэрбээр аавынхаа аравч, зурхай, сэнтий, хашлага, сум урлах өвөрмөц ур хийцийг ч бас өвлөсөн юм. Б.Баатарбат мэргэн улсын наадамд багийнхантайгаа хоёр удаа IV байрт шалгарч, УАШТ-д мөнгө, хувийн цуваа харваанд хүрэл, Холбооны цом, Улаанбаатар хотын АШТ-ээс алтан медаль хүртсэн амжилттай. Мөн Өмнөговь аймагт болсон анхдугаар нээлттэй тэмцээн, Баянхонгор аймаг дах Баянцагааны тойром харвааны түрүү харваачаар тодорч байв. Европын олон оронд монгол түмний түүхт наадгай болох шагайн харвааг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүнтэй ярилцлаа.
-Наадмаар сэтгэл тань догдолж, эх орноо энгийн өдрүүдээс ч илүү боддог байх?
-Наадам дөхөхөөр сэтгэл өөрийн эрхгүй догдолно. Малгай, дээл, бүсээ зэхэн, бага хүүтэйгээ хамт бэлтгэл хийж, сум тавиад эхэлдэг. Төрийн наадмын шагайн харвааны асарт уухайн түрлэг сонсон түрүүлж, гурван удаа шилдэг дөрөвт үлдсэн сайхан дурсамж надад бий. Гадаадад амьдарч буй монголчууд тухайн оршин суугаа улсдаа жил бүр үндэсний өв соёлоо сурталчлан таниулах зорилгоор наадам хийдэг. Би шагайн харвааны төрөлд тэмцээн зохион байгуулж, элэг нэгт ахан дүүстэйгээ баярлаж өнгөрүүлдэг юм. Баярын өдрүүдэд аав, ээж, ах дүүс, найз нөхөдтэйгөө холбогдож, монгол наадмаа үзэх дуртай. Нутгийнхаа шагай харваачдыг амжилт гаргаж түрүүлбэл баярлана шүү дээ.
ЭНЭ СПОРТТОЙ НӨХӨРЛӨСӨН ЦАГААСАА ӨНӨӨГ ХҮРТЭЛ ТУУШТАЙ ЗҮТГЭЛЭЭ
-Европт монголчуудтайгаа шагайн харвааг сурталчлах холбоо байгуулах санаа хэзээнээс төрөв?
-Би Францыг 2009 оны нэгдүгээр сард зорьсон. Намайг тосож угтсан Монгол Улсын мэргэн Ё.Чүлтэмбаяр ахтай хамтран Бельги Улсад очихдоо яруу найрагч С.Билэгсайхан агсантай танилцсан юм. Бид уулзалтынхаа үеэр Антверпен хотод дөрөвдүгээр сарын 11-нд болох шагайн харвааны тэмцээнтэй Монгол соёлын өдөрлөгийг хамтад нь зохион байгуулахаар ярилцав. Тус өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар С.Билэгсайхан агсан, ерөнхий ивээн тэтгэгчээр нь Ё.Чүлтэмбаяр ах, шагайн харвааны тэмцээнийг би хариуцсанаар Европт шагайн харвааг хөгжүүлэхээр тулгын чулууг нь тавилцсан.
-Гадаадынханд шагайн харваанаас Монголын түүх, ёс заншил, нүүдэлчдийн өвөрмөц ахуй амьдралыг олж харах сонирхолтой санагддаг болов уу?
-Гадаадын орнуудад шагайн харвааг сурталчилж явахад Монголын түүх, соёлтой холбоотой зүйл сонирхож их асууна. Бельги улсад суугаа Монгол Улсын соёлын элч төлөөлөгч, өргөмжит консул М.Пол Ван Вуве хэмээх сайхан буурал бий. Францад Рубрук хэмээх жижиг тосгон байдаг. Одоогоос найман зууны тэртээ 1256-1253 онд Вильям де Рубрук ламтан Францын хаан IX Людовикийн зарлигаар Алтан ордны улсаар дамжин Монголд ирж, Мөнх хаанд бараалхсанаар Монгол, Францын дипломат харилцааны түүх эхэлсэн гэдэг. Тэр алдарт хүний амьдарч байсан тосгонд “Рубрук холбоо” байгуулсан хүмүүстэй хамтран ажилласнаас хойш шагайн харвааг сонирхон, дэмжиж тусалдаг болсон. Франц дахь монголчууд Аттила хааны цэргийн хуарангийн туурь байрладаг түүхэн газарт наадмаа хийдэг юм.
-Цахим хуудсандаа “Европт шагайн харвааг үүсгэн байгуулж, хөгжүүлсний 10 жилийн ойгоор холбооны тэргүүний ажлаа залууст хүлээлгэж өглөө. Цаашид сайхан хөгжүүлж байгаад талархнам” гэж бичсэн байхыг тань харсан. Одоо ямар хүн үргэлжлүүлж байна вэ. Та эхлүүлсэн үйл хэргээрээ үргэлж бахархдаг байлгүй.
-Би 2009-2019 он хүртэл Европ дахь монгол шагайн харвааны холбооны тэргүүнээр ажилласан. Миний хувьд өвөг дээдсийнхээ өвлүүлсэн шагайн харвааг гадаадын орнуудад түгээн дэлгэрүүлсэндээ их баярладаг. 2019 онд Европын орнуудад шагайн харвааг хөгжүүлсний 10 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж, холбооныхоо тэргүүний ажлыг залууст албан ёсоор хүлээлгэж өгөөд дөрвөн жил болжээ. Одоо Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Батзориг Европ дахь монгол шагайн харвааны холбооны тэргүүн, ерөнхий нарийн бичгийн даргаар нь А.Баярхүү ажилладаг. Миний хувьд хүүхэд, залууст шагайн харвааны үндсэн агуулгыг алдагдуулахгүйгээр зааж, зөвлөдөг. Би энэ спорттой анх нөхөрлөсөн цагаасаа хөгжүүлэхийн төлөө өнөөг хүртэл зүтгэлээ.
-XIII зууны үеэс улбаатай шагайн харваа өдгөө үндэсний спортын нэг төрөл болж хөгжжээ. 1998 онд улсын баяр наадмын төрөлд багтсанаар дүрэмтэй болсон. Энэ нь хүүхэд, залуусыг сонирхож хичээллэхэд нөлөөлсөн гэж боддог.
-Монгол шагайн харваа XIII зуунаас үүссэн. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гол мод хоёр” хэмээх газраас олдсон Хүннүгийн үеийн хүүхдийн булшинд олон шагай байсан. Үүний дунд тамгатай шагай хүртэл байсан гэдэг. Хүннү гүрний үед хүүхдийнхээ тоглож байсан шагайг шарил дотор нь нандигнаж хийсэн тэр үеэс монгол наадгайгаас шагай харваа хөгжсөнийг батлан илэрхийлдэг. Үүнд монгол шагайн харваа, бөгцөг няслах, морь уралдуулах, хандарга шидэж шагай шүүрэх орно. Баттай эх сурвалжид тэмдэглэснээр XIII зуунд монголчууд шагай харвадаг байсан. Хүннү гүрнээс өмнө шагай харваж, оновол нэг нэгээр нь хасаж тоглодог байсан болов уу гэж миний хувьд таамагладаг юм. Учир нь одоо онож буй шагай хэлбэртэй зүйлийг хасаа гэж нэрлэдэг.
Хэлний язгуур үндсээр нь бодож үзэхэд “Би оносон шүү, нэг шагай хасаарай” гэх зэргээр өгүүлдэг нь олон зуун жил өнгөрсний дараа онож буй зүйлээ хасаа гэж нэрлэснийг илэрхийлэх боломжтой байх. Ардын хувьсгалын он жилүүдэд анхны долоо хувьсгалын үйл хэргийг ярилцан хэлэлцэхдээ шагай харвадаг байсан баримт бий. Маршал Х.Чойбалсан үндэсний сурын харвааны дэргэд шагайн харваа бага сур нэртэй байх нь зөв хэмээн хэлсэн аман яриа байдаг. 1960-1970 оны үед шагайн харваа феодалын тоглоом гэгдэж нэг хэсэг хавчигдсан. 1980-аад оны дунд үеэс хойд хөршид өөрчлөн байгуулалт сэвэлзэж, цагийн аяс зөөлрөх үед эргэн сэргэснээр Монгол шагайн харвааны холбоо анх байгуулагдсан түүхтэй. 1998 онд Үндэсний их баяр наадмын дөрөв дэх төрөл болсноос хойш 25 жилийн нүүр үзэж байна. Монгол шагайн харвааг өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын өмнө албан ёсоор хуульчлан батлахад энэ спортоор хичээллэдэг харваачид сэтгэл өндөр хүлээж авсан. Тэгэхээр шагайн харваа төрийн данстай хуульчлагдсан наадгай боллоо. Энэ нь залууст үндэсний өв соёлоо дээдлэх, сурталчлан таниулахад ач холбогдолтой юм.
ЮНЕСКО-Д ШАГАЙН ХАРВААГ БҮРТГҮҮЛЭХЭД ГЭРЧЭЭР ОРОЛЦОЖ БАЙЛАА
-Монголчууд шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биетбус өвөөр бүртгэснийг сонсоод их баярласан. Ийм сайхан мэдээг сонсох гэж олон жил хүлээсэн шүү дээ.
-Шагайн харваа олны сэтгэл зүтгэл, хөдөлмөрийн хүчээр ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн юм шүү дээ. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотод 2014 оны арваннэгдүгээр сарын 24-28-нд болсон. Тус хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцэж, Монгол Улсаас нэр дэвшүүлсэн шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхын саналаар бүртгэн авсан юм. Монгол шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд би гэрчээр оролцож, төв байранднь хуран цугласан хүмүүст гурван өдөр сурталчилсандаа одоо ч баярладаг. Батлагдахад нь Монголын шагайн харвааны ерөнхийлөгч асан, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Басхүү ах төлөөлөгчдийн хамт ирсэн. ЮНЕСКО-гоос2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд өвөөр бүртгэснээ баталж, алх цохиход нь бид төрийнхөө далбааг бариад баярын нулимстай зогсож байлаа.
-Та 2005 оны наадмаар түрүүлж, Монгол Улсын гарамгай мэргэн цол хүртсэн. Тэр жил хэр сайхан наадаж, аав, багш, багийнхнаа баярлуулснаа сонирхуулаач.
-Би 2005 ондР.Нямаа хэмээх хүний багт нэгдэж, багийн цуваа харваанд хүрэл медаль зүүсэн юм. Тэр жилээ Үндэсний их баяр наадмын шагайн харваанд түрүүлж, Монгол Улсын гарамгай мэргэн цол хүртэв. Багийнхантайгаа бэлтгэл сайн базааж, наадмын үзүүр, түрүүнд тунахаар сайн тоглосон. Аваргын төлөө өмнө нь хамт тоглодог байсан “Монголросцветмет” нэгдлийн багийнхантай өрсөлдөж, төрийн наадамд түрүүлсэн минь саяхан мэт санагдаж байна. 2012 онд Архангайн аймгийн Хайрхан сумын уугуул, үлэмж дархан мэргэн С.Ямааранзын багийнхантай УАШТ-д түрүүлж, Монгол Улсын дархан мэргэн цол хүртсэн дээ.
-Таны аав Ш.Батсүх олонд “Мэргэн Баваа” хэмээн хүндлэгддэг. Түүнийг энэ спорттой олон жил үнэнчээр нөхөрлөж явааг наадамчид мэднэ дээ.
-Аавыг минь “Буурлууд” овогт Ш.Батсүх гэдэг. Монгол Улсын гарамгай мэргэн цолтой. Монголд шагайн харвааг хөгжүүлэх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Хүүхэд байхаасаа аавынхаа шагайн харвааны сумыг зөөж, энэ спортод татагдаж билээ. Би долоон хүүхэдтэй айлын гурав дахь нь. Манай ах, дүү нар сум тавьдаг. Тэднээс тууштай хичээллэж амжилт гаргасан нь би. Аав нутагтаа нэртэй харваач. Наадамчин олон “Өмнөговийн Баваа” гэж хүндэлнэ. Залуудаа хумсаа гэмтээчихээд гуулин хумс хийж, шагай харвахад үзэгчид харчихаад бэлгэшээн “Алтан хумст” хэмээх болсон. Одоо Баваа нэрээр олонд танигдсан буурал бий. Шагайн харвааны эдлэл, хэрэгсэл сайхан урлана. Би шагай харвах эрдмээ хүүдээ мөн өвлүүлж яваа. Миний бага хүү дөрвөн настайдаа хүүхдийн шагайн харвааны УАШТ-д оролцож, үргэлжлүүлэн хичээллэсэн. Түүний авьяас, ур чадвараас амжилт гаргах ирээдүй харагддаг.
ААВЫНХАА ХАШЛАГА, СУМ УРЛАДАГ ГАЙХАЛТАЙ АВЬЯАСАД ХҮРЭХГҮЙ
-Аавынхаа шагай харвахыг харж өссөн танд хичээллэх хүсэл хүүхэд байхаас төрсөн биз?
-Надад ааваас гадна шагай хэрхэн харвах ухааныг нэг бүрчлэн зааж, сургасан ачтан бол Монгол Улсын хошой мэргэн Г.Батбаяр. Би багшдаа их талархдаг. Тэрбээр одоо ч шагай харвадаг. Багш цэвэрч, нямбай. Үндэснийхээ дээл, хувцсыг сайхан өмсөнө. Үг яриа цэгцтэй, даруу төлөв зантай. Шагайн харвааны онох нууцыг бүрэн эзэмшсэн. Түүнийг харж, үлгэр дуурайл авдаг байлаа. Аав зураач, сийлбэрч. Аавд шагайн харвааны эрдэм анх заасан багшийг Халхын домогт мэргэн харваач Б.Цэвэграш гэдэг. Тэрбээр манайхаар байнга зочилж, ааваар хашлага, сум хийлгэдэг сэн. Аав залуудаа шагайн харваанд хорхойсдог байсан тул гэртээ багштайгаа хамт бэлтгэл хийдэг байв. Тэдний шагай харваж, сум тавих нь сонирхолтой санагдаж, хичээллэх хүсэл төрсөн юм. Би удам дамжсан харваач. Уухай сонсоод суух сайхан санагдаж, шагайн харваанд дурласан.
-Та залуудаа Өмнөговь аймгийн Хөгжимт, драмын театрт бүжигчин байсан гэл үү?
-Тийм ээ. 1987 онд бүжигчнээр орохдоо театрынхаа II багийнхантай хамт шагай харваж чамгүй амжилт гаргасан. Тэдний олонх нь аавын шавь. Эхнэрийг минь Г.Мөнхтуяа гэдэг. Хэнтий аймгийн Батноров сумынх. Манайх гурван хүүхэдтэй. Бүгд гэрлэж, өрх тусгаарласан. Гал голомтоо бадраасан цагаас хань минь ар гэрийн бүх ажлыг амжуулж, өнөөг хүртэл түшиг тулгуур болж ирсэн дээ.
-Аавыг тань зочноор урихад “Хүүхдүүдийнхээ хашлага, сумыг хийж өгч байснаас биш, харвах эрдэм төдийлөн заагаагүй. Өөрсдөө сонирхож сурсан” хэмээн өгүүлж байлаа.
-Аав шагайн харвааны хэрэгсэл урлаж дуусаад багажаа надаар хураалгадаг байв. Үлдсэн ганц нэг модны өөдсөөр хашлага, сум өөрийнхөө хэмжээнд хийж эхэлсэн. Хашлагад давхар хөмсөг татахыг (барьц нааж хийх) аав анх санаачилсан юм. Аавын сум хийцээрээ ялгардаг. Миний хувьд урладаг хэмжээнд нь хараахан хүрэхгүй. Тухайн харваачийн нясалгааг хараад сумны жин, хэлбэрийг нь тохируулж урладаг аавын минь авьяас гайхамшигтай. Энэ ташрамд Үндэсний их баяр наадмын мэндчилгээг хашлага нэгт монгол шагайн харваачдадаа дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа монголчууддаа өргөн дэвшүүлье.