Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулах болсноо Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Ингэхдээ хуучин хуваарийн дагуу буюу 18-нд Монголын түүх, англи хэлний шалгалтаар эхлэх юм билээ. Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-19-нд авахаар товлоод байгаа аж. Сонирхуулахад, 2024-2025 оны хичээлийн жилд ахлах ангид 144 315 сурагч суралцаж байгаа нь нийт хүүхдүүдийн 18 хувь юм.
Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсон. Өнгөрсөн онд эхнийхийг нь зургаадугаар сарын 18-21-нд, удаахыг нь арванхоёрдугаар сарын 5-8-нд зохион байгуулсан юм. Боловсролын яамнаас элсэлтийн шалгалтад 40 мянга гаруй хүүхэд оролцоно хэмээн мэдээлж байсан ч 35 мянга гаруй сурагч бүртгүүлж байв. Ташрамд дурдахад, “PISA-2025” сурлагын амжилтын үндэсний үнэлгээг гуравдугаар сарын 5-наас тавдугаар сарын 16 хүртэл зохион байгуулна. Олон улсын сурлагын амжилтын PISA үнэлгээний стандартаар эл үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах аж.
А.Үүл