Марко Рубиог Сенатын олон улсын харилцааны хороо энэ сарын 21-нд тангаргийг нь өргүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ажилд нь оруулав. Тэрбээр үүний дараахан Орос, Украины дайныг зогсоох нь Дональд Трампын үеийн АНУ-ын “албан ёс”-ны бодлого байх болно гэж мэдэгдлээ. Түүний хэлснээс үзвэл Цагаан ордны шинэ засаг захиргаа энэ зөрчлийг хэдэн жилийн дараа сэргэхээргүй, удаан хугацаанд тогтвортой байдал бий болгохын тулд түүнийг зогсоохоор төлөвлөж буй аж. Албан ажлаа хүлээн аваад Рубио Энэтхэг, Австрали, Японы Гадаад хэргийн сайд нартай эхний уулзалтаа хийв. Хэвлэлд бичсэнээр бол 53 настай Марко Рубио Сенатад сүүлийн 14 жил ажиллаж Америкийн гадаад бодлоготой ойр танилцсан, урьдах Төрийн нарийн бичгийн дарга нараа бодвол туршлагатай хүн юм байна. Энэ улс төрч 2011 оноос Сенатын бүрэлдэхүүнд орж “Хятадын аюулын” онолыг арав гаруй жил судалж, “Хонконгтой холбоотой асуудалд таашаамгүй байдлаар хандаж” байсны улмаас Америкийн хууль тогтоогч таван хүний хамт 2020 онд Хятадын Засгийн газрын хоригт орж байжээ.
Марко Рубио Төрийн департаментын үйл ажиллагааны хөтөлбөрийг тодорхойлохдоо цаашдаа олноор цагаачлах үйлдлийг дэмжиж, өөгшүүлсэн ажил хийхгүй хэмээн онцлов. Бусад орон, ялангуяа дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын улсуудтай димпломат харилцаагаа хөгжүүлэхдээ Америкийн хил хязгаарыг хамгаалан, хууль бус цагаачлалыг зогсоож, ийм маягаар орж ирсэн гадаадын иргэдийг эх оронд нь буцаах талаар хэлэлцээр хийнэ гэв. Түүнээс гадна улс орны дотоодод санал зөрөлдөөн бий болгох, хилийн чанадад нэр хүнд унагах улс төр, соёлын үйл ажиллагаанаас татгалзах дипломат бодлогын үндэслэл рүү эргэж очно. Энэ нь манай үндэсний гол эрх ашгийг урагш ахиулахын тулд бусад оронтой хамтарч ажиллах прагматик гадаад бодлого явуулах боломжийг бидэнд олгоно гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ. Мэдээллийг хянах, түүнд дарамт шахалт үзүүлэхийг зогсоох тухай Ерөнхийлөгч Трампын захирамжтай уялдан хор хохирол учруулахуйц суртал ухуулгатай хийх тэмцлээ Төрийн департамент өргөжүүлнэ гэж тэрбээр мэдэгдэв. Ийм суртал нэвтрүүлэг “хүйтэн дайн”-ы үеэс үндсэндээ өөрчлөгдсөн аж. “Дайсагнасан бодит суртал нэвтрүүлэгтэй бид цаашид тэмцэхдээ америкчуудын үг хэлэх эрх чөлөөг дэмжиж, хамгаалахдаа Америкийг аугаа их, шударга улс, одоогийн удирдагчид нь америкчуудын үндсэн ашиг сонирхлыг гол болгож, бусад улсын эрх, эрх ашгийг хүндэтгэх явдал дээр түшиглэх болно” гэж түүний хийсэн мэдэгдэлд дурджээ. “Байгаль орчинд аюул учруулж буйд хайхрамжгүй хандахгүй, хүрээлэн буй орчныг хамгаалах ухаалаг арга хэмжээг дэмжиж, эрчим хүчний салбарт Америкийн ноёрхлыг сэргээхээр амласнаа Ерөнхийлөгч Трамп хэрэгжүүлэхэд нь туслахад дипломат бодлогыг ашиглана” гэж Рубио онцоллоо.
Энэ сарын 21-нээс ажилдаа орсон Марко Антонио Рубио 1971 онд Флорида мужийн Майами хотод төржээ. Эцэг, эх нь 1956 онд Кубээс АНУ-д цагаачилж ирсэн ч, 1975 онд л тус улсын иргэн болсон байна. Эднийх хэсэг хугацаанд Лас-Вегаст (Невада) амьдарч байгаад 1980-ад онд Флоридад эргэж очсон гэнэ. Рубио ахлах сургуулийг 1989 онд төгсөөд Флоридагийн Их суруульд оржээ.
1993 онд тус сургуулийн бакалаврын зэрэг авч Майамигийн их сургуульд сурч 1996 онд төгсөн хуульч болсон байна. 1998 онд Баруун Майами хотын захиргаанд ажиллаж, дараа жил нь Флоридагийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн болов. 2003-2006 онд тус Танхимын олонхын удирдагчаар ажиллаж байгаад 2010 онд Сенатын сонгуульд ялалт байгуулж, 2011 оны эхнээс мужийн сенатор болжээ. 2010 онд АНУ-ын Сенатын сонгуульд 49 хувийн санал авч АН-аас болон бие даан нэрээ дэвшүүлсэн өрсөлдөгчдөө ялав. 2012 онд явуулсан социологийн судалгаагаар Сенат дахь Рубиогийн үйл ажиллагаа бүхэлдээ 61 хувийн дэмжлэг хүлээсний дотор БНН-ынхан 83, АН-ынхан 48, бие даасан сенатчид 53 хувийн санал өгчээ. 2008 онд Флорида мужийн Төлөөлөгчдийн танхимаас гарч АНУ-ын Сенатад сонгогдтолоо эндхийн Олон улсын их сургуульд багшилж байв. Сенатад тэрбээр худалдаа, шинжлэх ухаан, тээврийн хороог нь тэргүүлж байлаа. 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн явцад Митт Ромнигийн баг Марко Рубиог Дэд Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэх боломжийг судалсан байна. Сенатын Олон улсын харилцааны хороог удирдаж байхдаа Крымийг өөртөө нэгтгэсэнтэй нь холбогдуулан 2014 оны хавар Оросын эсрэг хориг тавихыг Рубио шаарджээ. Ерөнхийлөгч Путин болон түүний ажил хэрэг, улс төрийн ойрын хүрээллийнхэнд визийн хийгээд санхүүгийн хязгаарлалт тогтоон ОХУ-д эдийн засгийн дарамт үзүүлэх боломжтой гэж тэр үзэж байсан аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгаанд оролцохоо Марко Антонио Рубио 2015 оны дөрөвдүгээр сардын 15-нд албан ёсоор зарлав. Тэрбээр хэлсэн үгэндээ Хиллари Клинтоныг “өчигдрийн удирдагч” гэж нэрлэв. Ираны цөмийн хөтөлбөр, Кубатай тогтоосон харилцаан дахь түгшүүртэй байдлаа намжаах талаар Ерөнхийлөгч Обамагийн засаг захиргааны явуулж буй бодлогыг шүүмжилж, “дарлагч”-тай богино хугацаанд тохиролцсон хэрнээ дарлуулагчидтай хэл амаа ололцохыг алгуурлаж байна” гэж мэдэгджээ.
Рубио БНН-ын урьдчилсан санал хураалтад оролцсоноор хууль бус цагаачлалын талаарх байр сууриа хатуу чанга болгосон гэж улс төрийн шинжээчид тэмдэглэж байв. 2013 онд тэрбээр “наймын дээрмийн бүлэг” хэмээх Сенатын гишүүдийн хэсэгт оржээ. Энэ бүлэг АНУ-ын газар нутагт оршин сууж байгаа цагаачдыг хөөхгүй байх агуулгатай хуулийн төсөл бэлтгэсэн аж. Энэ үйл ажиллагаа нь алдаа байсныг 2015 оны эхээр Рубио өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
Венесуэлийн эсрэг эдийн засгийн хоригоо Трампын Засгийн газар чангатгаж, Венесуэлийн Засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийхийг Рубио дэмжсэн. Америкийн цэргийг Сириэс гаргах Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг 2018 оны эцсээр эсэргүүцэж байв.
Марко Рубио АНУ-ын 72 дахь Төрийн нарийн бичгийн дарга болж буй юм. Түүний нэрийг энэ хүндтэй, хариуцлагатай албан тушаалд Дональд Трампын санаачилгаар дэвшүүлж гол хоёр намаас сонгогдсон сенатчид бүгд дэмжсэн байна. Урьд нь Трампын явуулж байсан бодлогыг эсэргүүцэж байснаа сүүлийн жилүүдэд түүний холбоотон болсон аж.
Рубио Майамид суралцаж байх үеийн танил Жанет Дусдебес гэдэг бүсгүйтэй 1998 онд гэрлэв. Тэд хоёр охин, хоёр хүүтэй.