Бид нэг жил гаруйн өмнө ярилцахаар тохиролцсон ч өнөөдөр л уулзаж байна. Тэр бол philosophy.mn, UX академийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр. Тэрбээр өсвөр насныхны уншвал зохих Жостейн Гаардерын “Софийн ертөнц”-өөс эхлээд абсурдист А.Камю, экзистенциалист Жан Поль Сартр, стоицист Марк Аврелий нарын олон сэтгэгчийн бүтээл, үзэл санааг контент хэлбэрээр олон нийтэд хүргээд найман жилийг үджээ. Бага наснаас нь л философи түүний хань нөхөр нь байсан тухай тэрбээр хожим ярих болно. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Одоогоос есөн жилийн өмнө та “Залуу зохион бүтээгч”-д гээсэн эдийн хайрцаг “Bababox”, хаягдал батарейн сав “Bababin” зэрэг бүтээлээр оролцож байв. Гэтэл тэр үед та хэдийн хуулийн сургуульд элсчихсэн байсан шүү дээ.
-Хүн олон зүйл чаддаг байх нь хоёрдмол байдлыг үүсгэчихдэг юм билээ. Би дунд сургуульдаа физик, дизайн зураг зүй, технологи, уран илтгэлийн гээд төрөл төрлийн тэмцээн уралдаанд оролцдог байсан. Тухайн үед би физикийн Нобелийн шагналтан болох мөрөөдөлтэй байв. Тэтгэлгийн ярилцлагад орж байх үедээ энэ тухай хэлтэл шууд л “Чи чадахгүй” гэсэн л дээ. Бага наснаас л философи миний амьдралын салшгүй хэсэг болчихсон учраас энэ чиглэлийн мэргэжил сонгодог ч юм уу гэж эргэлзсэн. Ингээд л бүгд болох ч юм шиг, үгүй ч юм шиг нөхцөл байдал үүссэн хэрэг.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд элссэнээс сар гаруйн дараа л ээж намайг ямар сургуульд орсныг мэдсэн байх. Би баригдмал зүйлд дургүй. Хуулийн хичээлдээ дур сонирхолгүй байнгуут бусад салбарын оюутнуудын бие даалтыг хөлстэй хийж эхэлсэн. Дутагдаад байгаа мэдрэмжээ тэгж л нөхсөн байх. Өсвөр насандаа олон ажил хийж үзсэн. Түүний үр дүнд цаашид бие махбодоо зовоож биш, тархиа ажиллуулж бүтээлчээр мөнгө олох ёстой гэдгээ ойлгосон.
-Түүнээс хойш нэг их удалгүй одоо эрхэлж буй компаниа байгуулсан байх аа?
-2015 онд Мэдээллийн технологийн үндэсний паркт гарааны бизнесийн тэмцээн болсон юм. Түүнээс бизнес эрхлэх талаар суурь ойлголттой болсон болов уу. Одоо эрхэлж буй компаниа 2016 онд үүсгэн байгуулсан. Энэ хооронд хичээлээ таслаад л яваад байгаа шүү дээ. Хичээл завсардсан шалтгаан маань үнэндээ сургалтын төлбөргүйгээс болсон хэрэг. Их сургуульд төлбөр төлж сурдгийг, тэтгэлэг авч болдгийг элссэн хойноо л мэдсэн гээд бод (инээв). Тийм л мэдээллээс хол нөхөр байсан байгаа юм.
Энэ үед Философи, шашин судлалын тэнхимийн Д.Оюунгэрэл багш “Чиний хичээл завсардах гээд байна, Дөлгөөнөө. Чи хуулийн салбарт заавал байх ёстой хүн” гээд миний нэг улирлын төлбөрийг өгч байсан. Одоо ч багшдаа талархаж явдаг. Надад итгэл хүлээлгэсэн ийм олон хүн байсан хэдий ч миний оюун санаа огт өөр газарт байсан. 2017 оны эхээр “Юбикаб” ХХК-ийн Технологи хариуцсан захирал Б.Эрдэм ахтай арга хэмжээний үеэр танилцаад удалгүй жолоочийн аппликэйшний дизайныг нь гаргасан л даа. Түүнээс хойш 100 гаруй төсөл хариуцаж ажиллажээ.
-Мөн 2017 онд “Философи” цахим хуудсаа нээсэн санагдаж байна.
-Д.Оюунгэрэл багштай уулзаад “Би хуулийн сургуулиасаа гараад философийн хөтөлбөр лүү шилжчихвэл хичээлээ таслахгүй байж чадах юм шиг байна” гэтэл “Философи чиний төсөөлсөн шиг биш ээ. Сонирхол чигээрээ л судал. Чамд хууль хэрэгтэй” гэсэн. Тэгсэн ч дотор минь дутуу, адгасан хүсэл байсан болохоор хуудсаа нээгээд гурван нийтлэл оруулав уу, үгүй юү сэтгэгдэл хэсэгт философийн багш нар хэрэлдээд ороод ирсэн. Салбарын нэр барьсан хуудас нээчхээд гээд л шүүмжлүүлдэг байв. Сүүлийн 2-3 жил Философийн тэнхимийн багш нартай уулзаагүй л дээ. Харин оюутнуудаас сураг сонсох нь ээ, философийн мэргэжил сонгосон шалтгаануудын нэг нь манай хуудас гэсэн шүү.
-Хуулийн сургуулиа төгссөн биз дээ?
-Төгсөөгүй шүү дээ, хаячихсан. 2022 онд МУИС-иас ярьсан юм. “Сургуульд элсээд 10 жил болсон байна. Цаашаа үргэлжлүүлж сурах уу, үгүй юү. Сурахгүй гэвэл хаслаа” гэхээр нь “Хас хас” гээд хэлчихсэн (инээв). Энэ шийдвэр миний маш том амжилт болсон шүү. Найдвар төрүүлсэн хоёрдмол байдал амьдралдаа үүсгэхгүй байх хэрэгтэй. Тэр шийдвэрээс хойш ур чадвараараа өөрийгөө нотолж амьдрахаас өөр арга үлдсэнгүй гэж бодсон.
-UX/UI дизайны сургалт үй олон болжээ. Хэдэн сарын сургалтаар зах зээлд өөрийгөө борлуулахуйц ур чадвар олж авах боломжтой юу. Та өмнө нь дизайны хэд хэдэн сургалт явуулж байсан шүү дээ.
-Сургалтаа явуулаагүй хоёр жил болж байна. Манай академи 350 гаруй төгсөгчтэй. 2021 онд би анхан шатны ойлголттой боллоо гэдгийг нь нотолж, гэрчилгээ олгодог байсан. Философич гэсэн гэрчилгээ хүнд өгч болдоггүйтэй адил UX/UI ур чадваруудыг нэг байгууллага дүгнэж чадах уу гэдэг дээр олон улсад маргаан дэгдсэн юм. Түүнээс хойш би сургалтад хамрагдсан хүмүүстээ оролцсон нь үнэн гэдгийг нь баталгаажуулсан гэрчилгээ өгдөг болсон. Цаашид сургалтаараа хүнд юм заахыг оролдохгүй гэж бодож байгаа. Харин лекц хэлбэрээр буюу мэдлэг түгээх байдлаар хүмүүст хүргэх зорилготой.
UX дизайны сургалтууд бий л дээ. Тодорхой нэр дурдсан ч болно. Гадаад хэлээрх олон улсын сургалтуудыг орчуулаад программаа хальт мэдэх хүнээр заалгаж, мөнгө олдог. Тэд өөрсдөө бодитоор юу бүтээсэн нь маш эргэлзээтэй. Учир нь мөнгө л олох зорилготой. Гэтэл энэ салбар маш хумигдмал болж байгаа. Мөн тийм ч хурдан хугацаанд эзэмшдэг ур чадвар биш. Өнгөрөгч онуудад UX дизайнер л болчихвол гоё гэсэн хөөсрөл явлаа шүү дээ. Миний мэдэх асар олон хүн энэ салбар луу орсон. Харамсалтай нь, амжилттай тохиолдол маш ховор. Энэ мэргэжлийг хүсэж эзэмших болон тренд хөөж сонгох хоёр тэс өөр.
Их сургуулиуд боловсон хүчин хангалттай хэмжээнд бэлдэхгүй байгаа учраас хувийн байгууллагууд энэ орон зайг нөхөх гэж оролдох нь зайлшгүй. Гэхдээ сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд энэ салбар л чухал юм шиг хөөрөгдүүлэхгүй байх хэрэгтэй. Танаас суралцах гэсэн юм гэж ханддаг олон хүн бий. Харин би төслөөс төслийн хооронд алдаж онож байж туршлагажсан. UX дизайн бол маш удаан хугацаанд ажиллаж байж өрсөлдөх чадамж үүсэхүйц салбар гэдгийг ойлгох нь зөв.
-Сайн дизайн гаргая гэвэл асуудлаа оновчтой тодорхойлж, харилцааг загварчлах хэрэгтэй гэж та хэлсэн. Олон дизайн гаргасны дараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн нүдээр хардаг дадал суучихдаг уу?
-Эмпати бол маш нандин чадвар. Бас их динамик. Би гурван хоног нойргүй хонож ажиллалаа гэхэд миний эмпати байхгүй болно. Тархины хэвийн үйл ажиллагаа алдагдах учраас тэр. Асар их дизайны мэдлэг өөртөө хуримтлуулсан ч миний амьдралын хэмнэл буруу болчихвол ажиллаж байгаа төслөө мэдэрч чадахаа больчихдог юм. “Apple” компанийн дизайн хариуцсан захирлаар ажиллаж байсан Жони Айваас үлгэр жишээ авдаг. Тэрбээр хэзээ ч танихгүй хүмүүс миний бүтээсэн зүйлсийг ашиглан амьдралынхаа асуудлыг шийдэж, илүү сайхан болж буйгаар төсөөлж, хийж байгаа зүйлээ хайрлан гамнаж, сэтгэлээ шингээдэг гэж хэлсэн.
Дизайн гаргаж буй явцдаа хэрэглэгчийг мэдрэх тухай асуудал яригдахаас биш, маркетингийн арга заль ашиглаж хүмүүсийг татъя гэсэн хандлага хортой бөгөөд бодит байдалд хэрэгжих боломжгүйд хүрснийг санах хэрэгтэй. Санхүүгийн сахилга батаа сайжруулаад тухайн цаг мөчид хийж буй төслийнхөө тоог танаж, цөөн зүйлд төвлөрч ажиллахыг чухалчлах болсон. Ийм л үед чанар, инновац, сайн дизайн, бүтээлч байдал гэсэн зүйл яригдахаас бус, халтуурчин зангаар юу ч бүтэхгүй. Цөөн төслийг мэргэжлийн түвшинд хийх нь л чухал. Монголд мэргэжлийн байдал асар дутагдаж байна.
Миний ажлын 30-40 хувь нь ширээнээс гадуур байдаг. Би сүүлд нүүрс тээврийн компанийн төсөл дээр ажилласан юм. Өмнөговьд байдаг уурхайд нь очоод жолооч нар хэр их стресстэй ажилладаг тухай судаллаа. Зарим жолооч урд хил даваад архи уугаад алга болчихдог гэхээр нь ӨМӨЗО явсан. Хаана наргиж цэнгэдгийг нь хүртэл судалж байж дизайн илүү бодитой бууна. Бодит амьдрал дээрх зүйлсийг ойлгож мэдрээд, түүнийгээ дижитал руу хөрвүүлэх л ажил юм.
Туршлага гэдэг нь амьдрал болон бизнесийн орчил дунд байдаг зүйл болохоос биш, дэлгэц дэх юм ерөөс биш. Тухайн төслийг хийх үйл явцыг өөрийнхөө бодол, сэтгэл дотор амилуулж, ойлгох, сайжруулах санал дэвшүүлэх, тэрхүү саналуудаа биежүүлэх л ажил байхгүй юу. Үүнийг л хүмүүс UX/UI гэж ярьдаг.
-2023 оны зургаадугаар сард UX дизайны загалмайлсан эцэг Дон Норманы бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлэх эрхээ авсан. Энэ ажил хэзээ биеллээ олох вэ?
-Оюуны өмчийг нь авчихсан гурван ч ном бий. Ирэх зунаас номын ажил руугаа шамдах төлөвлөгөөтэй.
-“Философи” подкаст чамгүй олон дугаар гаргаад байна. Их ажлын хажуугаар унших цаг зав гаргаж чаддаг уу?
-Долоо хоногийн эхээр номынхоо 60-70 хувийг уншчихдаг. Подкаст хийх өмнөх хоногтоо үлдсэн хэсгийг уншиж дуусгадаг. Энэ дунд номынхоо тухай өөртөө бодож, тунгаах цаг гаргана шүү дээ. Бас подкаст хийхийнхээ өмнө нэг цаг унтдаг юм. Тэгэхгүй бол комплекс, төвөгтэй ойлголтуудыг шууд яривал эмх цэгцгүй болно.
-Нарийн төвөгтэй зүйлс рүү хүмүүс татагдах нь бий. Гэхдээ философийн хүрээнд үзэл санаа зайлшгүй байна. Харин үүнийг сохроор даган дуурайхыг уриалах, үзэл санааг эх ойлголтоос нь гажуудуулж, дутуу дулимаг тайлбарлах нь их хортой. Ер нь манай нийгэмд ямар хүнийг философич гэж ойлгоод байна вэ. Та өөрийгөө философич гэж хэлэх үү?
-Миний уншиж, судалсан философичдын ихэнх нь үхсэнийхээ дараа философич гэж нэрлэгдсэн хүмүүс байгаа юм. Амьд ахуйдаа тэгж дуудуулах нь битгий хэл, өөрсдийгөө ч тэгж бодоогүй хүмүүс (инээв). Би өөрийгөө хэзээ ч философич гэхгүй. Намайг юу гэж тодорхойлох нь хамаагүй. Би хиймээр байгаа бүхнээ хийнэ. Гэхдээ хамгийн сайнаараа, гоёороо. Энэ тал дээр би өөрийгөө тодорхойлохгүй.
-Философийн музей байгуулах ажил нь юу болсон бэ?
-Энэ бол миний заавал биелүүлэх мөрөөдлүүдийн нэг. Удахгүй бэлэн болох “Философи” гар утасны аппликэйшн ч үүний нэг хэсэг. Биет музей байгуулах нь асар өндөр зардалтай. Эхний ээлжид дижитал музейгээ байгуулж байя.
-Философийн чиглэлээр олон нийтэд хандсан контент бэлтгэж эхэлснээс хойш хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн мэт санагдаж байна вэ?
-Философи гэдэг үгнээс хүмүүс айхаа больсон байна лээ. Анх надад ч энэ ойлголт хүнд, нүсэр, хол хөндий санагддаг байлаа. 2022 онд “ТОМё БОДё”-гийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр реппер Сексцагаанбогд бид хоёрыг нэг хэлэлцүүлэгт хамт оролцуулсан юм. Би ч мэдээгүй байсан. Тэр хэлэлцүүлэг мэтгэлцээн, цаашлаад хэрүүл болоод дууссан. Философийг мөнгөтэй, амьдралд хийхээ хийсэн, академик хүрээллийнхний ажил гэж үздэг байсан. Гэхдээ уншаад үзвэл хэзээ ч тийм биш шүү дээ. Ядарч, зовсон үедээ босох гэж оролдсон, амьдралын хүн нөхцөлийг даван туулах гэж яваад философич болчихсон хүн зөндөө. Тэгвэл энэ чинь ард түмний мэдлэг юм биш үү. Гэтэл яагаад хулгайлчихсан юм бэ гэх бодол төрсөн.
Философи бол хулгайлагдсан мэдлэг. Академикууд, мөнгөтэй хүмүүсийн номын тавиур дээр байдаг хэзээ ч сөхөж үзмээргүй ном гэж ойлгуулсан байна. Энэ мэдлэгийг л хүмүүст ойртуулах нь миний зорилго. Түүнээс биш өөрийгөө философич гэж боддог хүнтэй мэтгэлцээд, өөрийнхөө зөв, бурууг нотлох гээд суух нь гол биш.
-Бас эрт үед байсан зовлон шаналал, аз жаргал, саад бэрхшээл бүр хэлбэрийн төдий өөрчлөгдсөнөөс биш, одоо яг л хэвээрээ байна шүү дээ. Тиймээс л философийн мэдлэг хүн бүхэнд хамаатай байх. Ард түмний мэдлэг гэдгийг ингэж ойлгох байна. Харин танаас мэдлэг дулдуйдах, түүнийг дутуу дулимаг судлах нь гажуудал руу хөтөлдөг юм биш үү гэж дахин асууя.
-Мэргэн ухаан гэдэг чадвар юм билээ. Философи бол зөөлөн ур чадвар. Тухайн үеийн нөхцөл байдлыг соргог мэдрээд, олон хамааралгүй зүйлийг гялс холбоод ёгтлох чадвар бол философичдын амин сүнс, философийн чөмөг нь. Гайхаж, өөртөө асуулт тавьж, юмсыг тэс өөрөөр харах чадвар үхвэл философи үхнэ. Шинжлэх ухааны эрдэмтэд энэ чадвараа алдвал шинэ нээлт хийх боломжгүй. Сэтгэгч гэж буйн учир ердөө л энэ.
-Өнөөгийн нийгэм биднийг бодож, сэтгэхээс улам л алсруулаад байх шиг санагддаггүй гэж үү?
-“Одоогоос 200 жилийн өмнө төрчихсөн бол гоё байх байлаа. Одоо шинжлэх ухаан ихэнх нууцыг тайлсан байна” гэдэг. Дээр дурдсанчлан Дон Норман технологи хүнийг орлох юм уу, хүнд туслах юм уу гэсэн санааг дэвшүүлдэг. Хүн төвт технологи гэдэг нь хүнд туслахын тулд технологийг ашиглах тухай ойлголт. Дизайн бүхнийг танд ойлгомжтой, хялбарчилна гэдэг ч аль хүртэл вэ гэдэг чухал. Аль зүйлсээ сэтгэн бодохдоо үлдээж өөрсдөө туулах юм, алийг нь автоматжуулах юм гэдгээ хувь хүн өөрөө хянахгүй бол технологийн компаниуд ашгаа л бодно шүү дээ. Сүүлийн үед цээжээрээ тоо боддог хүмүүс их ховор болчхож. Элбэгхэн цээжээрээ бодчих тоог тооны машинаар бодоод байгаа юм.
-“Философи” подкастын уриа “Эрүүл ухааныг эрхэмлэнэ” шүү дээ. Үүнийг цэвэр рационал хандлага гэж ойлгож болох уу?
-Энэ бол хатуу тодорхойлж болохгүй үг. Сайн хүн байх гэдэг субъектив ойлголт. Абсолют биш утгатай. Сайн байх нь хүн бүрийн хувьд өөр. Хүмүүс үүнийг өөрсдийнхөөрөө ойлгоод өөрийн хувьд зөв хүн байх тухай юм. Гол зорилго нь тэр. 100 хувь рационал байх нь эрүүл ухаан биш. Фридрих Ницше энэ тухай их гоё тодорхойлсон. “Бидний оюун санаа бол морин тэрэг, бидний сэтгэл зүрх бол морь. Урагшлахын тулд сэтгэл зүрх урам зориг, хайр, бахдалаар дүүрэн байж морин тэргийг хөдөлгөнө” гэж. Хөдлөхгүй оюун санаа компьютероос ялгаагүй.
Хүмүүсийг үхмэл биш байгаасай гэж хүсдэг. Омголон, бардам, урам зоригтойгоор сэтгэж сураасай. Монголд ийм тэрслүү хүн алга. Олонхоо сөрсөн, өөрийнх нь буруу байсан ч байр сууриа хамгаалж үлдэх тэр эр зоригийн тухай юм. Харин хүмүүс хүлээн зөвшөөрөгдөхийг хүлээдэг болсон байна. Уг нь хүн өөрөө өөртөө таалагдах нь хамгийн чухал. Энэ нь өөрөө өөртөө тавьсан босго нь бусдын босгоос өндөр байх тухай юм. Миний бодит байдал бусад хүний үр дүн шүү дээ. Бусад хүний бүтээсэн бодит байдал.
-Тэрслүү байх, зарчимтай байх хоёр ялгаатай юу?
-Зарчмаа баримталж явах нь хувь хүнээс гарч буй үйлдлийг хязгаарлах статик шинжтэй. Харин одоо байгаа бодит байдлыг сөрж, өөрийн хоршлоо бүтээх нь тэрслүү байх тухай юм.
-Танд эмээдэг зүйл бий юү?
-Мөрөөдөж, зорьж байгаа зүйлээ хийж амжихгүй үхэхээс айдаг. Тийм болохоор би амьдралд яаруу, чухал зүйл рүүгээ төвлөрөх хандлагатай байх.
-Таны ээж философиор сурах бодолтой байгаагаа хэлсэн гэсэн. Танд ямар санагдсан бэ?
-Бид дутуугаа нөхөлцсөн. Философи намайг хүмүүжүүлсэн, миний маш том хань. Ээж ирэх намраас философиор сурна гээд байгаа. “Чи намайг сайн дэмжээрэй” гэсэн. Би бол тултал дэмжинэ.
Д.Хүслэн