Манай гаргийн хамгийн чинээлэг 10 хааны гэр бүл 2.4 их наяд ам.долларын бэлтэй аж.
Лихтенштайны хааны гэр бүл долоон тэрбум ам.долларын хөрөнгөөр эдгээр дотроо аравт ордог юм байна. Энэ хөрөнгийн өчүүхэн хувь нь II Ханс-Адам хаанд ногддог. Тэрбээр 1806 онд тусгаар улс болсноос нь Альпын энэ жижигхэн хаант улсыг захирч ирсэн эрхмүүдийн урт дарааллын хамгийн сүүлд нь жагсаж байгаа. Хаан хувийн банктайгаас гадна асар өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй, орлого сайтай компаниудтай, өөр ашиг ихтэй бусад аж ахуйн нэгжтэйн зэрэгцээ Рафаэль, Рембрандт, Ван Дейкийн хосгүй үнэт бүтээлүүд бүхий дэлхийн сонгодог урлагийн цуглуулгатай. 2020 онд Лихтенштайны хаан дэлхийн II дайны дараа Чехословакт эзлэгдсэн хэсэг газрын төлөөх маргаанд ялагдаж олны чихийг дэлдийлгэж байсан билээ. Уг газар Чехэд очих ёстойг шүүх тогтоосон, энэ алхам хааны гэр бүлийн хөрөнгөд тэгтлээ нөлөөлсөн нь юу л бол.
1631 онд үндэс суурь нь тавигдсан ч бүр XIII зуунаас эхтэй Алауитын удам Марокко улсыг одоо хэр нь захирч буй юм. 1999 онд сэнтийд заларсан хаан VI Мохаммедийн тэргүүлдэг энэ айлын үндсийг 19 гишүүн бүрдүүлж байна. Хааны энэ гэр бүлийн хөрөнгийг цэврээр нь үнэлбэл 8.2 тэрбум орчим ам.доллар. Ийм хэмжээний хөрөнгөөрөө манай гаргийн ес дэх баян хаан болж буй. Энэ гэр бүл бас өөрт нь бүртгэлтэй иргэдийн тоогоор дэлхийд толгой цохино. Тэднийг төрд алба хашсаных нь төлөө Засгийн газар нь мөнгө төлдөг.
Хаан ширээнд суух дарааллын эхэнд VI Мохаммедийн хоёр хүүгийн ах нь болох 20 настай Мулай Хассан, гүнж Лалла Сильма нар байгаа. Тэд Лалла Хадижа гэдэг охинтой. Дэлхий дахинаар аялж яваг гэж энэ ханхүүд хувийн нисэх онгоц бэлэглэсэн гэж 2018 онд мэдээлж байжээ. Ханхүү бас агаарын хөлөг судлахыг хүсдэг юм гэсэн. Гэхдээ энэ нь ташаа мэдээлэл бөгөөд уг онгоцыг өндөр албаны хүмүүст зориулж хааны зэвсэгт хүчин олж авсан гэдэг.
Дубайг Мактумынхан захирч байна. 1833 оноос эхтэй хааны удам үндсэн 12, өргөжин тэлж олон зуун гишүүнтэй болоод буй. Тэдний нийт хөрөнгийн хэмжээг барагцаагаар 18 тэрбум ам.доллароор үнэлэгдэнэ гэж үздэг. Энэ гэр бүлийн хамгийн чинээлэг нь удмын тэргүүн, Дубайн захирагч Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум юм. Шейх 2006 оноос Дубайг захирч, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж, “Dubai holdings” хөрөнгө оруулалтын компанийг хяналтдаа байлгадаг, гар султайгаараа нэрд гарсан хүн. Рашид Аль Мактум хэд хэдэн гэргийтэй, 1979 онд тэргүүн хатантайгаа хуримаа хийхдээ 100 сая ам.доллар зарцуулсан гэх яриа байдаг. Рашид Аль Мактум Европ даяар тансаг үл хөдлөх хөрөнгөтэй, дэлхийд томоохонд орох усан онгоцтой. Түүнчлэн морин уралдаантай түүний нэр ямагт холбогдож байдаг. Шейх “Darley” хэмээх жүчээ, дэлхийд томоохонд тооцогдох моин заводтой, спортын энэ төрөлд хамгийн нөлөө бүхий болоод байгаа. Түүний охин Латифа гүнж 2018 онд Дубайгаас зугтах гэж оролдсон, гэргий нарынх нь нэг Хайя нөхрөөсөө зугтан Лондонд очсон нь 2019 оны зун тодорхой болсноос хойш Шейхийн нэр дуулиан шуугианд өртөж, хэвлэлд ч гарсан явдал бий.
Брунейн хааны удам угсаа, Болкиахын гэх айлын үндэс 1363 оноос эхтэй гэдэг. 57 жил тус улсыг удирдаж буй Хассанал Болкиах энэ гэр бүлийг одоо толгойлж байна. Улс нь нефтийн асар их нөөцтэйн буянаар эднийх ер бусын баян болжээ. Хөрөнгө нь 28 тэрбум ам.долларт ойртож очсон гэх. Бусдаас ялгарах гэж хичээдгээрээ нэрд гарсан султан Хассанал Болкиах дэлхийд хамгийн том, үүгээрээ Гиннесийн номд орсон, 200 мянган ам метр талбай бүхий “Istana Nurul Iman” ордонд амьдарна. Энэ ордныг 1984 онд бариулахад 1.4 тэрбум ам.доллар зарцуулсан юм гэнэ лээ. Олны ярих нь Болкиах хаан 7000 машинтайн дотор “Rolls-Royces” 600, “Ferraris” 300 ширхэг байдаг, бас хэд хэдэн нисэх онгоцтой гэдэг.
Тайландын Хаант Улсыг 1782 оноос Чакри-гийн удмынхан захирч байна. Одоогийн хаан Маха Вачиралонкорн эцэг Пхумипон Адульядетийг өөд болсны дараа буюу 2016 оноос ширээг нь залгамжилж байгаа аж. Бангкок хотод оршин суудаг хааны гэр бүл албан ёсны бус гишүүд хийгээд хуучин хань ижлийг нь оролцуулаад 22 хүнтэй. Үндсэн гэр бүл нь 10 гишүүнтэй.
Хааны гэр бүлийн хөрөнгийн бодит хэмжээг олон түмэнд зарлахыг хориглодог. Хааны хайртай нохойн дүрсийг нийгмийн сүлжээнд байрлуулсан гэх мэт гэм хоргүй баймаар үйлдлийн төлөө баривчлагдсан, шоронд орсон тохиолдол ч бий. Ийм маягаар тэдний талаарх нарийн мэдээллийг хуулиар хамгаалдаг юм байна. Тэгэхдээ хаанаас эхтэйг бүү мэд, хааныхыг 30-60 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэх мэдээлэл байдаг аж. 80 жилийн турш Улсын өвлөгдсөн хөрөнгийн товчоо захиран зарцуулж байсан энэ хөрөнгийг 2018 онд хаанд шилжүүлж өгчээ.
Маха Вачиралонкорны хөрөнгөд нь Бангкок хотын төвд байх аварга том үл хөдлөх өмч, хэд хэдэн гол компанийн томоохон хувьцаа, “Kempinski” хэмээх сүлжээ зочид буудлын хувь ордог байна. Жилийн орлого нь гурван тэрбум орчим ам.доллар.
“Forbes” сэтгүүлд бичсэнээр Британийн хааны гэр бүлийн хөрөнгө 88 тэрбум ам.доллароор үнэлэгддэг юм байна. Хаан III Карлын хувийн хөрөнгө 428.3 сая ам.доллар. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиеваас Лондон дахь үл хөдлөх хөрөнгийг нь 91.2 сая ам.доллароор худалдаж авсан гэх баримт бий. Хунтайж Харри болон түүний гэргий Меган Маркл нар санхүүгийн хувьд бие дааж амьдрахаар шийдсэнээ 2020 оны нэгдүгээр сард зарласан нь дэлхий дахиныг гайхшируулсан юм. Харри 25 сая ам.долларын хөрөнгөтэйн ихэнх хэсгийг өөд болсон ээжээсээ өвлөж авчээ.
Нахайяны удам Дубайг одоо захирч буй Аль Мактумтай нэгэн омгоос гаралтай, 1793 оноос Абу-Дабийг захирч ирсэн гэр бүл аж. Тус удам 200 эрэгтэйтэй. Эмэгтэйчүүдийнх нь тоо тодорхой бус. Ойрхи Дорнодын хаадын гэр бүлийн л адилаар Аль Нахайяныхан хөрөнгө баялгаа нефтиэс олдог байна. 150 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй хөрөнгөө эднийх 1970-аад онд хурааж хуримтлуулжээ. Тус гэр бүлийн тэргүүн асан Халиф ибн Заид аль Нахайян Абу-Дабигийн эмир байж, 696.6 тэрбум ам.доллар эргэлдүүлдэг хөрөнгө оруулалтын газрыг удирдаж байсан. Дэлхийн хамгийн өндөр байгууламж болох Бурж-Халиф энэ газрын мэдэлд байдаг. 7.1 тэрбум ам.долларын өртөгтэй, Лондонд байх шейх Халифагийн үл хөдлөх хөрөнгийн эзэнт улс жилд 205.9 сая ам.долларын түрээсийн орлоготой. Түүнийг 2022 онд өөд болоход Мухамед ибн Заид Аль Нахайян Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч болсон юм.
Катарыг XIX зууны дунд үеэс Танигийн гэр бүл захирч ирсэн. Одоогийн шейх Тамим бин Хабин Аль Тани 43 насандаа 2013 онд дэлхийн хамгийн залуу хаан гэгдэж байв. Персийн булангийн хөршүүд нь хоёр жилийн өмнө Иракт хулгайлагдсан хааны намын 28 гишүүнийг сулласны төлөө алан хядагч байгууллага болох Аль-Кайдад нэг тэрбум ам.доллар өгчээ. Үүний улмаас Аль Тани 2017 онд тэдэнтэй санал зөрөлдсөн байдаг. Тэгтэл Катарын эрх баригч гэр бүл мөнгийг алан хядагчдад биш, Иракийн төрд өгсөн хэмээн мэлзжээ. Ямар ч байлаа гэсэн энэ мөнгө тухайн гэр бүлийн 335 тэрбум ам.доллароор хэмжигддэг далай шиг хөрөнгөд дусал төдий юм.
Хүмүүсийн сонорт хүрсэн мэдээллээр бол Катарын хааны гэр бүл Лондоны төвд байх үл хөдлөх хөрөнгөө 163.4 сая ам.доллароор зарчхаад 25.2 сая ам.долларын татвар төлөхөөс зайлсхийсэн гэх чимээ дуулдсан.
Кувейтэд Аль-Сабахын гэр бүл засаглаж байна. Ойрхи Дорнодын тус улсыг 1752 оноос захирч буй бөгөөд одоогийн эмирийг нь шейх Сабах аль-Ахмед аль Жаберас-Сибах гэдэг. Тус гэр бүл нийт 1000 орчим гишүүнтэй. Эдний хөрөнгийн цэвэр үнэлгээг гаргахад төвөгтэй байдаг нь баялгийнх нь ихээхэн хэсэг Америкийн компаниудын хувьцаа, хувь хэмжээтэй холбоотойгоос үүдэлтэй аж. Шинжээчдийн үзэж буйгаар 1990-ээд оны эхнээс Кувейтийн хааны гэр бүлийн хөрөнгө дөрөв дахин нэмэгдсэн ч 360 тэрбум ам.доллар гэсэн тоог л хэлдэг юм байна. Энэ гэр бүл АНУ-ын томоохон компаниудын асар их хувьцааг эзэмшдэг аж.
Дэлхийн хамгийн баян хаан одоо Саудын Арабыг захирч байна. Эднийх 1.4 их наяд гаруй ам.долларын хөрөнгөтэй гэнэ. Энэ асар их хөрөнгийг 15 000 хүн хуваан эзэмшдэг. Саудын удам тус улсыг 1744 оноос захирч байгаа, одоогийн хаан Салман 2015 оноос суудалдаа заларч буй бөгөөд 18 тэрбум ам.долларын хөрөнгөөр удам дотроо хамгийн баян гэр бүл юм байна. Авлигын хэргээр 2017 онд Саудын Арабын Засгийн газар баривчилсан хунтайж Альвалид ибн Талал 17.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө хоёрт орж буй. Хунтайж хэдэн сар хоригдоод 2018 оны нэгдүгээр сард суллагджээ. Түүнийг эрх баригчдад зургаан тэрбум ам.доллар төлж байж суллагдсан гэх яриа байдаг аж.