Чингэлтэй дүүргийн төвийн хэсэг буюу 1-6 дугаар хороонд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, тус хорооны иргэд зөвхөн 18.00-21.00 цагт л төвлөрсөн цэгт хогоо хаях ёстой гэнэ. Ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана гэж үзжээ. Түүнчлэн хог тээвэрлэлтийг шөнийн цагийн хуваарьд шилжүүллээ. 21.00 цагаас хойш хог тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгчид ажиллаж, бүхий л цэгийг бүрэн цэвэрлэхээр зохицуулалтдаа тусгасан юм байна. Ийнхүү шийдвэрлэх болсон нь авто замын нөхцөл байдал, түгжрэлтэй ч холбоотой гэнэ.
Чингэлтэй дүүрэгт өмнө нь нэг цэгийн хогийг өдөрт гурван удаа ачиж цэвэрлэдэг байжээ. Гэсэн ч нөхцөл байдал дээрдэхгүй байсан гэнэ. Харин одоо хог хаях цагийн хуваарьтай болсноор өдрийн цагаар бохирдол үүсэхгүй хэмээн албаныхан онцоллоо. Мөн тус дүүргийнхэн хог хаягдлаас гарах үнэрийг гадагш орчинд нэвтрүүлдэггүй, дүүрсэн тохиолдолд тохижилт үйлчилгээний компани руу мэдээлдэг, ухаалаг хогийн савны хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж буй юм билээ.
А.Тэлмэн