Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канадын судалгааны Саймон Фрейзерийн их сургуультай хамтран агаар дахь РМ2.5 тоосонцор ураг, нярайн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тогтоох когорт буюу дагаж судлах судалгааг хийж байна. Судалгааны үр дүн эхнээсээ гарчээ. Энэ талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр Эрхүү хотын АУИС-ийг эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд нийгмийн эрүүл мэндийн салбарт, тэр дундаа орчны эрүүл мэндийн чиглэлээр 30 гаруй жил ажиллаж буй юм.-Та бүхэн агаарын бохирдол ураг, нярайд хэрхэн нөлөөлж буй талаар когорт судалгаа хийжээ.
Судалгаагаа арваад жилийн өмнөөс эхлүүлсэн гэв үү?
-Тийм ээ. Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш нар 2014 оноос эхлээд агаарын бохирдол эрүүл мэнд, ялангуяа ураг, нярайд хэрхэн нөлөөлж буйг тогтоохоор когорт буюу дагаж судлах судалгааг эхлүүлсэн. Энэ судалгаанд 540 жирэмсэн эмэгтэйг тэдний зөвшөөрснөөр, сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа юм. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн судалгааг эхэлсэн. Судалгааны багийнхан, судлаачид бид гаднах орчны агаарын бохирдлыг бууруулж чадахгүй тул тухайн сонгосон оролцогчдынхоо гэрт буюу сууцын доторх орчны РМ2.5 тоосонцрын бохирдлыг бууруулах зорилго тавьж, судалгааны үр дүнгээ үнэлж гаргасан онцлогтой. Өөрөөр хэлбэл, гэрийн дотор орчинд агаар цэвэршүүлэгч ашиглахад жирэмсний үе, ургийн өсөлт болон мөн төрсний дараа хүүхдийн эрт үеийн өсөлт, хөгжилд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох “UGAAR- Ulaanbaatar gestation and air pollution research” дагах судалгааг 10 жил хэрэгжүүлж байна. Ингээд сонгосон эмэгтэйчүүдийг хоёр бүлэгт хувааж судалсан. Нэг бүлэгт нь сууцын доторх орчинд агаарын бохирдлыг бууруулах интервенц буюу агаар цэвэршүүлэгчийг эхийг амаржтал байршуулсан. Нөгөө хэсэгт нь агаар цэвэршүүлэгчгүй судалсан юм. Агаар цэвэршүүлэгч байршуулснаар сууцын дотор орчны бохирдол багассан. Тухайлбал, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын бохирдлыг бууруулж байв. Нэг ёсондоо хяналтын болон интервенцийн гэж хоёр бүлэгт хуваасан.
-Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийг хэрхэн сонгосон юм бэ. Ямар нэгэн шалгуур тавьсан уу?
-Энэ судалгааны гурван үе шатыг амжилттай хэрэгжүүлж дуусаж байна. Эхний үе шатанд 9-10 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдэд судалгааны талаар танилцуулж, тэдний зөвшөөрснөөр сайн дурын үндсэн дээр хамруулж, хүүхдээ төрүүлтэл нь дагаж судалсан. Судалгаанд сонгох шалгуурт 18-аас дээш насны, тамхи татдаггүй, орон сууцад амьдардаг жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулсан. Мөн Улаанбаатар хотын иргэн байх, Сүхбаатар дүүрэгт амьдардаг гэсэн шалгуурт нийцүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн дотор орчны агаарын бохирдол маш өндөр тул бидний байршуулсан агаар цэвэршүүлэх төхөөрөмж бохирдлыг шүүж дийлэхгүй учраас орон сууцад амьдарч буй ээжүүдийг сонгосон. Судалгаанд ажиллах хүн хүч, хөрөнгө санхүү дутмаг, цаг хугацаа их зарцуулах учраас Сүхбаатар дүүргийг төлөөлүүлэн сонгосон юм. Тэгээд ч энэ дүүрэгт агаарын бохирдол ихтэй тул 1-11 дүгээр хорооны жирэмсэн эмэгтэйчүүдийг сонгосон. Ер нь дагах судалгаа хүн хүч, цаг хугацаа ихээхэн шаарддаг, удаан хугацаанд хэрэгждэг юм.
-Судалгааны эхний үр дүн гарсан гэсэн байх аа?
-ДЭМБ-аас гаргасан тоо баримтаар хүн амьдралынхаа 80-90 хувийг дотор орчинд, тэр дундаа гэртээ ихэнх цагийг өнгөрүүлдэг. Тиймээс гэрийн дотоод орчинд нь агаарын бохирдол, РМ2.5 тоосонцрыг бууруулах интервенц хийсэн. Судалгаандаа тоосонцрыг өндөр үр дүнтэй шүүх агаар цэвэршүүлэгчийг оролцогчдын 50 хувьд нь байршуулж, үр дүнг үнэлсэн. Судалгааны эхний зорилго оролцогчдын гэрийн дотор орчинд нь агаарын бохирдлыг бууруулсан, бууруулаагүй бүлгийн хооронд төрсөн нярайн жинд ямар ялгаа байгааг илрүүлэх, өөрөөр хэлбэл, нярайн өсөлт хөгжилтөд, тухайлбал, дөнгөж төрсөн нярайн жинд ямар нэгэн ялгаа байна уу гэдгийг тодруулах байв. Судалгааны үр дүнгээр сууцын дотор орчинд агаарын бохирдол, ялангуяа РМ2.5 тоосонцрын бохирдлыг бууруулсан, бууруулаагүй эмэгтэйчүүдийн хооронд нярайн жингийн ялгаа гарсан. Тодруулбал, агаарын бохирдол нь бага жинтэй нярай төрөхөд нөлөөлж байна гэсэн үр дүнд хүрсэн. Хоёрдугаар үе шатанд агаар дахь тоосонцрын бохирдолд их, бага өртсөн хоёр бүлгийн ээжүүдээс төрсөн хүүхдүүдийн бага насны өсөлт хөгжилд нөлөө үзүүлж буй, эсэхийг судлах зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, ураг ээжийнхээ гэдсэнд байхдаа агаарын бохирдолд их, бага өртөхөд, төрсний дараа ямар нэг өөрчлөлт гарч байгаа, эсэхийг хоёр, дөрвөн настайд нь илрүүлэх зорилго тавьсан юм. Хоёрдугаар үе шат 2016-2020 оны хооронд үргэлжилсэн. Энэ үе шатанд хүүхдийн өндөр, жин, сэтгэн бодох чадварын үзүүлэлтийг үзэв. Судалгааны үр дүнгээр агаар цэвэршүүлэгч байршуулаагүй буюу агаарын бохирдолд өртсөн эмэгтэйчүүдээс төрсөн бага жинтэй нярай хоёр болон дөрвөн настайдаа интервенцийн бүлгийн хүүхдийн адил жинд хүрсэн байсан. Өөрөөр хэлбэл, бага жинтэй төрсөн нярай хоёр настайдаа интервенцийн бүлгийн нярайн жинг гүйцэж ирсэн. Харин хоёр наснаас цааш жин нэмэгдэх хандлагатай байж болох юм гэж бид таамаглаж байгаа. Сүүлийн үед илүүдэл жинтэй бага болон өсвөр насны хүүхдүүд нэмэгдэж байна. Агаарын бохирдол хүүхдийн илүүдэл жин, таргалалтад нөлөөлөх эрсдэлтэйг дараагийн гурав дахь шатны дата мэдээллийг боловсруулж, илүү баттай үр дүнг гаргана. Судалгааны дүнгээр сууцын доторх орчны агаар дахь PM2.5 тоосонцрын бохирдлыг 29 хувиар бууруулсан. Сууцын дотор орчинд агаар цэвэршүүлэгч байршуулаагүй бүлгийн буюу дотоод орчны агаарын бохирдолд илүү өртсөн ээжүүдээс төрсөн нярай интервенцийн бүлгийнхээс 85 граммаар бага байсан. Нэг ёсондоо жингийн хувьд 85 гр-ын ялгаа гарсан гэсэн үг. Энэ үр дүнгээр жирэмсэн үедээ агаарын бохирдолд өртөх нь төрөх үеийн ургийн жинд нөлөөлж байна. Энэ тоо бага мэт сонсогдож болох ч хоёр бүлгийн хооронд статистикийн хувьд үнэн магадлалтай, судлаачдын хувьд өндөр үр дүн гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол бага жинтэй нярай төрөхөд нөлөөлж буй юм.
-Мөн хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар болон аутизмын хүрээний эмгэгт нөлөөлсөн, эсэхийг судалсан гэсэн. Үр дүн нь ямар байв?
-Бага жинтэй төрсөн нярай хоёр настайдаа интервенцийн бүлгийн хүүхдүүдийн жинг гүйцээд, дөрвөн настайдаа бага зэргийн илүү болж ирсэн үр дүн гарсан. Бид дөрвөн настай хүүхдүүдийг сэтгэн бодох чадварын тестээр үнэлсэн юм. Сууцын дотор орчны РМ2.5 тоосонцрын бохирдлыг агаар цэвэршүүлэгчийн тусламжтайгаар 30 орчим хувиар бууруулсны дүнд сэтгэн бодох чадвар нөгөө бүлгийн хүүхдүүдээс 2.8 функтийн ялгаатай гарсан. Тэгэхээр агаарын бохирдол хүүхдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн энэ судалгааны хүрээнд аутизмын эмгэгт нөлөөлж байна уу, гэдгийг эцэг эхэд суурилсан тестээр ажигласан. Гэхдээ үүнийг судлах нь бидний гол зорилго биш байв. Судалгаанд хамрагдсан хоёр бүлгийн хүүхдүүдийн бусадтай харилцах харилцаа, зан төлөвийн хувьд ямар байгааг эцэг, эхэд суурилсан асуумжийн арга, тестээр үнэлсэн. Монгол Улсын практикт сайн нэвтрүүлээгүй, Англи, АНУ, Канадад судалгаанд төдийгүй оношилгоонд хэрэглэдэг тест (SRS-Social responsive scale)-ээр үнэлсэн юм. Ингэж судлахад агаарын бохирдол аутизмын хүрээний эмгэгт яг нөлөөлж байна гэсэн үр дүн бол гараагүй. Гэхдээ анх судалгаанд оролцсон 540 ээжээс гадаад улс руу явсан, хөдөө шилжсэн гэх мэт шалтгаанаар хасагдсаар 385 оролцогчийн хүүхдүүдийг харьцуулсан тестээр үнэлсэн. Түүврийн хэмжээ бага байсан байх. Нөгөө талаас бидний туршсан тест эцэг, эхийн мэдээлэлд тулгуурладаг. Зарим эцэг, эх хүүхдийнхээ нийгмийн харилцааны талаар сайн анзаараагүй, эсвэл мэдээллээ дутуу, зөв өгөөгүй байх талтай. Бид судалгааны гурав дахь шатанд хүүхдүүдээ есөн настайд нь давтан тестээр үнэлж судалсан. Энэ шатны мэдээллийг дөнгөж цуглуулж дуусаж буй учраас үр дүн нь хараахан гараагүй. Тус судалгааг эхлүүлэхийн тулд Харвардын их сургуулийн профессор манай улсад ирж, судлаачдыг сургаж, үнэлгээний тестүүдэд гурван сар дадлагажуулсан юм. Үүний дараа үнэлгээний тестийг эзэмшиж сурсан гэж үзсэний дүнд энэхүү судалгааг эхлүүлсэн билээ.
-Өмнө нь ийм удаан хугацаанд дагах судалгаа хийж байв уу?
-Судалгааг анх эхлүүлэхэд төрөөгүй байсан хүүхдүүд одоо 10 нас хүрч байна. Бэлтгэл ажилтайгаа нийлээд эл судалгаанд 10 гаруй жил зарцуулжээ. Дагах судалгаа нь загварын хувьд шалтгаан, хамаарлыг нарийн тогтоодог юм. Энэ төрлийн судалгаанд хүн хүч, төсөв хөрөнгө, цаг хугацаа ихээр шаарддаг тул манай улсад ховор хийдэг, санхүүжилт байхгүй. Томууны вакцины туршилтын судалгааг 2-3 жилийн турш хийсэн байх. Манай Нийгмийн эрүүл мэндийн сургуульд MONCOHORT судалгааг хэрэгжүүлж эхлээд эхний шатыг дуусгаад санхүүжилт байхгүйн улмаас түр зогсоосон. Одоо АШУҮИС-д агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг тогтоох судалгааг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH)-гийн санхүүжилтээр гурван жилээр хэрэгжүүлж эхэлсэн. Хоёр дахь жилдээ үргэлжилж байна.
-Ураг, нярайд агаарын бохирдол нөлөөлж буй, эсэхийг Канадын судлаачидтай хамтран судалсан гэлээ. Цаашид эл судалгааг үргэлжлүүлэх үү?
-АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Канадын Саймон Фрейзерийн сургуультай хамтарч энэ судалгааг хэрэгжүүлж байна. Судалгааны Монголын талын багийн ахлагчаар миний бие ажиллалаа. Судалгааны талбарт болон гэрт нь орчны бохирдлын хэмжилт хийх, хүн нэг бүрийн жирэмсний явц, төрөх үе болон төрсний дараа хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийг судлах нь тийм амар ажил биш. Бид ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж, ёс зүйн зөвшөөрөл авсны дараа судалгааг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд хүнийг хамруулах ёс зүйн хэм хэмжээг баримтлах нь чухал. Тиймээс эмч, сувилагч, зөвлөх нарыг сургахаас эхлээд канад, монгол талын 20 орчим судлаач ажилласан юм. Одоогоор судалгааны III шат дууссан. Дөрөвдүгээр шатны судалгаагаар агаарын бохирдол жингийн илүүдэл, улмаар чихрийн шижинд нөлөөлж буй, эсэхийг судлах байх гэсэн таамаг дэвшүүлээд байна. Гэхдээ дараагийн шатыг хэрэгжүүлэх талаар яригдаагүй, дөнгөж гурав дахь шатны мэдээллээ цуглуулж дуусаж байна. Дагах судалгаа гэдэг нь оролцогчид, судалгааны баг найдвартай, санхүүжилттэй бол үргэлжлээд л байдаг. Дэлхийд алдартай когорт судалгаанууд 10 бүү хэл, 20, 30 жил үргэлжилдэг. Харамсалтай нь, манай улс ийм загварын судалгааг санхүүжүүлэх төсөвгүй. Манай улс дэлхийн бусад орныхтой харьцуулахад судалгаанд маш бага төсөв буюу ДНБ-ий дөнгөж 0.01 хувийг зарцуулж байна шүү дээ. Гадаадын бусад оронд ДНБ-ий хоёр хувийг зарцуулдаг.
-Урт хугацаанд үргэлжилсэн судалгааны дүн эхнээсээ гарчихлаа. Үүнийг хөрсөнд буулгахад хэрхэн анхаарч байна вэ?
-Бид судалгааны үр дүнгээс эрдэм шинжилгээний өгүүлэл гаргаад орхихгүй. Гол нь судалгааны үр дүнг амьдралд хэрэгжүүлэх, төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлөх байдал учир дутагдалтай. Энэ когорт судалгаагаар агаарын бохирдол нярай бага жинтэй төрөхөд нөлөөлж буйг тогтоосон. Харин үүнд үндэслэн ямар арга хэмжээ авах нь төр засгийн бодлого шийдвэр гаргагчдын үүрэг. АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барихын тэнхимийн багш нар агаарын бохирдол дутуу нярай, амьгүй төрөлтөд нөлөөлж буйг судалсан шүү дээ. Нярай бага жинтэй төрөхөд цаашид өвчин, эмгэгт амархан өртөж, дархлаа нь сул байдаг.
-Дотоод орчны бохирдлоос сэргийлэх арга хэлж өгөхгүй юү?
-Аливаа шаталтаас PM2.5 тоосонцор, угаарын хий, хүхрийн давхар исэл зэрэг агаар бохирдуулагч үүсдэг. Галлагаа, автомашины утаа, тамхи татах, арц, хүж уугиулах зэрэг утаа гарч буй бүх газарт агаар бохирдуулагч ялгарч байдаг. Бид түүхий нүүрс түлж байх үед 2013 онд агаарын бохирдлын судалгаа хийж, тоос, тоосонцрын жилийн дундаж агууламжийг судалсан. Тэр үед PM10 нь 165, PM2.5 нь 75 байсан. Энэ хэмжээ 2019-2020 он буюу сайжруулсан түлшинд шилжсэн жил тоосонцрын бохирдлын хэмжээ буурсан ч хангалттай биш юм. ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс одоо 7-8 дахин их байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгаа. Хийн бохирдуулагчид, тухайлбал, угаар, нүүрсхүчлийн хий, азотын давхар ислийн агууламж нэмэгдсэн.
Манай улс агаарын чанарын MNS4585:2016 стандартыг мөрддөг. Энэ стандартаар PM10 тоосонцрын жилийн дундаж агууламж 50 мкг байхаар тусгасан, гэтэл ДЭМБ-ын Агаарын чанарын удирдамжид РМ10-ын жилийн дундаж 15 мкг байхаар зөвлөжээ. Тоос тоосонцрын хэмжээ 15 мкг түүнээс бага байж эрүүл мэндээ хамгаална гэж үздэг. Гэтэл манай стандартад үүнээс гурав дахин өндөр байна. Нэг ёсондоо манай стандартын үзүүлэлтүүд сул, шинэчлэх шаардлагатай. Мөн манай стандартад PM2.5-ын жилийн дундаж 25 мкг гэж тогтоосон. Энэ нь ДЭМБ-ын тав байх ёстой гэж зөвлөснөөс тав дахин сул тоон үзүүлэлт гэсэн үг. Иймд Монгол Улсын агаарын чанарын стандартыг яаралтай шинэчлэх шаардлагатай байна.
-Монголд хэвийн гэж үзэж буй стандарт нь дэлхийн дунджаас өндөр байхад эрүүл амьдрах боломж бий гэж үү?
-Агаарын бохирдол өнгөрсөн жилүүдийнхээс бага зэрэг буурсан. Гэсэн ч одоогийн агаарын бохирдол ДЭМБ-ын зөвлөмжтэй харьцуулахад 7-8 дахин өндөр байгаа. Мөн бид 10-аад жилийн өмнө нийслэлийн 30-аас дээш насны хүн амын нас баралтад агаарын бохирдол хэрхэн нөлөөлж буйг судалсан. Тус судалгааны үр дүнгээр 30-аас дээш насны хүн амын нас баралтын 10 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж буйг тогтоосон. Нийслэлд, жилд 6400 орчим хүн нас барсны 500-600 нь агаарын бохирдлын улмаас амиа алджээ. Тухайлбал, зүрх, судасны болон амьсгалын замын өвчлөлөөр нас барагсдын 29 хувьд агаарын бохирдолд нөлөөлж байгааг мөн уушги, улаан хоолойн хавдрын нас баралтын 40 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалсан байна. Өнгөрсөн жил НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс судлахад өвчлөл, нас баралтын тоо биднийхээс нэлээд их байсан.