Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа. Зарлигийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний 07.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.