Найруулагч Ч.Түвшин “Намайг битгий уучил”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Амьдрал чиний төлөө”, “Юу хүсээд байгаагаа мэдэх үү”, “Уучлаарай, та дугаар андуурч”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, “Оддын өвчин” зэрэг жүжиг найруулан УДЭТ-ын тайзнаа толилуулсан нь одоо ч үзэгчдийн сонирхлыг татдаг юм. Тус театрын хамт олон 2014 онд долоон найруулагчийн найруулсан долоон өөр бүтээлийг олны хүртээл болгоход түүний “Уучлаарай, та дугаар андуурч” бэсрэг жүжгийн тасалбар хамгийн эрэлттэй байсан гэдэг. Тэрбээр 2009 онд “Эдип хаан” жүжгээр “Гэгээн муза” наадмын гран при шагнал, 2013 онд “Чиполинод тохиолдсон адал явдал”-аар шилдэг найруулагчаар шалгарсан юм. Авьяас билгийн онгодоо цалгиан, олон сайхан бүтээл тайзнаа төрүүлсэн түүнийг “Зөвхөн спортын тухай” буландаа урилаа.
-Таны үеийнхнээс ажилдаа хариуцлагатай ханддаг байдал анзаарагддаг. Ингэж төлөвшихөд спортоор хичээллэж байсан тань багагүй нөлөөлсөн байж болох юм.
-Бидний үеийнхэн бүх нийтийн спорт гэсэн уриан дор хүмүүжсэн. Тэр үед ерөнхий боловсролын сургуулиудын гадаа хөлбөмбөгийн талбай, бие бялдаржуулах спортын орчин бүрдүүлдэг байв. Өвөл амралтын өдрийг байрныхаа гадаах тэшүүр, хоккейн мөсөн талбайд хүүхдүүдтэй гулгаж өнждөг байсан дурсамж сэтгэлд тод үлджээ. Спорт тухайн хүнийг зөв хүмүүжүүлж, асуудлыг эвээр шийдэн, хүлээцтэй, хандах зан чанарт сургадаг. Энэ бүхнээс багагүй суралцсаны ачаар ажлын талбарт хөл тавихад багаар ажиллах чадвартай болсон гэж боддог.
-Урлагийн салбарт хөл тавиагүй бол спортоо тууштай үргэлжлүүлж, амжилт гаргах байсан уу?
-Миний сурдаг II сургуульд хөлбөмбөг тоглодоггүй хүүхэд ховор байлаа. Тэднээс одоо ч их спортод үнэнч яваа залуус цөөнгүй бий. Багадаа үеийнхнийхээ адил спортын олон төрлөөр хичээллэсэн. Би Сүхбаатар дүүргийн чөлөөт бөхийн АШТ-д оролцсоныхоо дараа “Баянгол” зочид буудалд нөхөдтэйгөө байрлаж, хотын АШТ-д үргэлжлүүлээд өрсөлдөж билээ. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийг төгссөн Ц.Анхбаяр, Гэмтлийн эмнэлгийн ерөнхий эмч байсан Б.Мөнхбаяр нар шаггүй барилдчихна. Ц.Анхбаяр хожим үндэсний бөхөөр улсын начин цол хүртсэн. Би намхан байж өөрийгөө голохгүй волейболын дугуйланд явна. Өвөл болохоор цанаар гулгах дуртай. Амралтын өдөр автобусанд суугаад Хандгайтын амыг зорьдог сон. Ээжийн хамаатан болох Архангай аймгийн харьяат, цанын спортын мастер Д.Баадай ах цанаар хэрхэн хичээллэж, бэлтгэл хийхийг надад зааж зөвлөдөг байлаа.
-Спортоор хичээллэж байсны давуу тал одоо ч гэсэн мэдрэгддэг үү, танд?
-УДЭТ-т 30 гаруй жил ажиллаж байна. Театрын уран бүтээлчид ачаалалтай ажиллах үе бишгүй. Спорттой нөхөрлөсний давуу тал алхам тутамд хэрэг болдог. Би ажилдаа түүртэж, ядардаггүй. Тамирчин болохыг зориогүй ч тодорхой хугацаанд хичээллэсний үр дүн гэж боддог. Бидний үеийнхэн өнөөгийн хүүхдүүд шиг гар утас өдөржин ширтэж байсангүй. Ангийнхаа нөхөдтэй хичээлийн дараа ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол тоглож, цагийг уйдах завгүй өнгөрүүлдэг байжээ.
-Та хамгийн их сонирхож үздэг спортынхоо тухай сонирхуулж яриач.
-Спортод хүнийг татах гайхамшиг бий. Өөрийгөө улаан фанат гэж хэлэхгүй. Гэхдээ хоккей, уран гулгалт, хөлбөмбөг, цанын тэмцээн сонирхож үздэг. Хэрвээ надаас MTV, эсвэл хөгжим, спортын суваг үзэх үү гэж асуувал спорт гэж хариулна. Спортын нэвтрүүлэг хүнд зориг, боломж, бололцоо буйг харуулдаг. Үүгээрээ үзэгчдэд урам өгч, итгэл, үнэмшил төрүүлдэг байх.
-Таныг хөлбөмбөгийн ДАШТ үзэх дуртай гэж дуулсан. Дэмждэг баг, бахархдаг тамирчны тань тухай сонсъё.
-Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хагас шигшээгээс үзэх дуртай. Би Герман, Бразилын багийн хөгжөөн дэмжигч. Германд ДАШТ болох жил ажил амжуулахаар очиж таарсан юм. Метронд сууж явахдаа эзэн орны багийнхан Азийнхантай тоглоход хөгжөөн дэмжигчид нь тамирчдаа хэрхэн дэмжиж байгааг харах сонин байлаа. Жүжигчин О.Энхтуулынд зочилж, нуурын эрэгт хөлбөмбөгийн тэмцээн том дэлгэцээр үзэж суусан сайхан дурсамж бий. “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийг дүү нартайгаа үзэхдээ Аргентины багаас Мессигийн тоглолтыг их дэмжсэн. Түүнд хөлбөмбөгийн бурхан тэнгэр авьяас, ур чадвар харамгүй хайрлажээ гэж атаархангуй бодож суусан даа.
-Монгол түмний хотол олноороо баясан цэнгэдэг наадам хаяанд ирлээ. Баярын өдрүүдэд үндэсний бөх, сур, шагайн харваа, хурдан морины уралдаанаас алийг нь дурлаж үздэг вэ?
-Монголчуудын бахархах өв соёлын нэг бол улсын наадам. Наадмаар шөвгийн найман бөхийн барилдааныг сонирхож хардаг. Их нас, соёолонгийн уралдааныг үзэхгүй байхын аргагүй шүү дээ. УДЭТ-ын дэргэд шагайн харваа, снукер биллиардын клуб бий. Би сүүлийн үед шагайн харваа сонирхдог болсон. Манай театрын үйлдвэр, техникийн хэлтсийн арын албаны ажилчдаас авхуулаад уран бүтээлчид хүртэл шагай харвадаг. Бид театрынхаа 13 номерын өрөөнд зурхай, сэнтийгээ тавьж байгаад шагай харвана шүү дээ. Манайхан улсын хэмжээнд биш юм гэхэд урлагийн байгууллага дундаа бол шаггүй өрсөлддөг.