Монголын морин хуурын түүх соёл, ёс заншлыг харуулах музей 2015 онд байгуулагдаж, 400 гаруй үзмэр хадгалагдаж байна. Үүнд эртний 20 гаруй морин хуур хадгалагддаг нь олны сонирхлыг ихээр татдаг. Мөн морин хуурын түүхэн гэрэл зургийн цуглуулга, дүрс бичлэг зэрэг олон зүйл хадгалагдаж байгаа юм.Тус музейд 1800 оны үеийн хуур бий. Мөн 1950, 1960 он хүртэлх хуурнууд ч байна. Үүнээс хамгийн сонирхолтой түүхтэй хуур гэвэл Монголын хамгийн анхны мастер морин хуурыг нэрлэж болно. Энэхүү хуурыг 1965 онд Ю.Цэдэнбал гуайн санаачилгаар Оросын хийлийн мастер Д.Яровой, нэрт хөгжим урлаач Д.Бууран нар хамтран хийж байжээ. Тухайн үед 13 морин хуур урласны нэг нь тус музейд бий.
Гэвч монгол соёл, ёс заншлаа хадгалж, олон нийтэд таниулах Морин хуурын музейн байрны асуудал сөхөгдөж, музейн үзмэрүүд гудамжинд гарах эрсдэл үүсчээ.Тиймээс Морин хуурын музейг үүсгэн байгуулагч Б.Сүхбаатар ард иргэдээсээ дэмжлэг хүсч байна. Мөн долдугаар сарын 2-ны өдөр “Монголын нэг өдөр” ардын урлагын тоглолт МҮЭСТО-д 18 цагаас болно. Энэхүү тоглолтыг ирж үзэхийг урьж байна.