Увс аймгийн хөгжимт жүжгийн “Ойрад” театрын дэргэдэх Икэлийн чуулгын “Улаанбаатар палас”-т болсон тоглолтыг үзээд олзуурхав. Ийм чуулга байгуулсныг манай улсын хөгжмийн урлагийн түүхэн дэх онцлох үйл явдал, соёлын томоохон брэнд хэмээн үзэх буй за. 1992 онд, хожим Ардын жүжигчин болсон морин хуурч, багш Ц.Батчулуун Морин хуурын чуулга үүсгэн байгуулсантай агаар нэгэн санаачилга, хичээл зүтгэл ч ажгуу. Байгуулагдаад жил гаруйхан болж буй тус чуулгынхан Улаангомдоо олон удаа тогложээ. Улмаар хил залгаа, хойд хөршийн Тувад нэг удаа, мөн Дархан-Уул, Орхон аймаг болон нийслэлд тоглож, юу хийж бүтээснээ харуулав, сонсгов. Бахархалтай юм. Дарханыхан тоглолтыг нь үзээд 20 гаруй минутын турш алга ташин баяр хүргэж, хүндэтгэсэн байна билээ.
Монгол үндэсний морин хуурын эцэг, өвөг хэмээн тодорхойлдог, өнө эртний түүх, уламжлалт, энэхүү язгуур хөгжмийн зэмсгээр XXI зуунд ч ойрад татлага хааяа татсан шигээ, эсвэл бий биелэхэд дагуулан “хөрөөдөж” суух нь хэр зохистой вэ. Аливаа юмс, үзэгдэл хөгжиж, дэвжиж байдагчлан икэлийг хөгжүүлэн, өөрөөр хэлбэл орон зай, “эрх мэдэл” олгон, өргөн олонд эхийн хайр, эцгийн сургаал мэт өнгө, тембрийг нь мэдрүүлж, театр, аймгийнхаа төдийгүй улсынхаа хөгжмийн соёлын брэнд болговол ямар вэ. “Ойрад” театрын даргаар ажиллаж байсан удирдаач Л.Төгсбаяр, морин хуурч, хөгжмийн багш, Орхон аймгийн хөгжмийн төрөлжсөн сургалттай IV дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Аюурзана нар хэдэн жилийн өмнө энэ тухай ярьж байгаад орхичихож л дээ.
2021 оны өвөл Д.Аюурзана багш Орхон аймагт гэртээ байж байтал Увсаас Л.Төгсбаяр дарга залгажээ. Тэрбээр “Икэлийн чуулга байгуулах бол Засаг дарга Ч.Чимэд дэмжье гэж байна. Үндсэндээ та бид хоёрыг зүтгэ гэлээ. Хөгжмийн зэмсэг захиалж хийлгэх үү, хэд хэрэгтэй вэ, тоглох бүтээл туурвил бий юү гэсэн. Та заваар хэр байна. Хоёулаа шуурхайлах уу” гэжээ. Хувьсгалын тохироо бүрдэх гэдэгчлэн тэтгэвэрт гараад удаагүй байсан багш уухайн тас зөвшөөрнө биз дээ. Өвгөн багш “Засаг дарга дэмжих юм бол юу дутах гэж. Санаа оноо, төсөл нь сэтгэлд бэлэн юм чинь” гээд Улаанбаатар луу гараад шидчихэж. Судалж тогтоосончлон гурван төрлийн икэл хийлгэнэ, харин хэд байвал зүгээр юм, чуулгын бүрэлдэхүүнд өөр ямар зэмсгүүд байлгавал үндэслэл, дуугаралт сайтай бүрэлдэхүүн болох вэ. Д.Аюурзана багш эдгээр асуултад хариу хайсаар төрөлх сургуулиа зорьжээ. Тэрбээр одоогийн Консерваторын морин хуурын ангид суралцаж, алдарт Г.Жамъян, Г.Буян багш нараар заалгаж, 1974 онд төгссөн юм билээ. Сургуульдаа очиж хөгжмийн онолч, хөгжим судлаач С.Энхбулаг багшийг “барьж авч”, чуулга байгуулахад арга зүйн зөвлөгөө өг гэжээ. Улмаар хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлийн “Эгшиглэн магнай” компанид очиж, хөгжим урлаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Байгалжавт учраа хэлж, захиалгаа өгөөд Увсыг зорьсон аж. Багш тус аймгийн Хөгжимт драмын театраас ажлын гараагаа эхэлж, морин хуурч, хөгжмийн багш, удирдаачаар 10 жил ажилласан тул яахын аргагүй төрөлх театр нь. Орхон аймгаас гараад юу бүтээснээ Л.Төгсбаяр болон Засаг даргад танилцуулснаар чуулга байгуулах ажилд ханцуй шамлажээ.
Эдүгээ Икэлийн чуулгын тоглож буй хөгжим, дуу, бүжгийн хөгжим үндсэндээ бүгд түүний оюун бодлоос урган гарсан юм билээ. Багш тоглолтуудын үеэр заримдаа хөтлөгчдөө “Миний нэрийг байн байн битгий хэлээд бай. Зарим дууг яруу найрагчаар нь л овоглоод явчих” гэж хэлдэг гэсэн.
Морин хуурч багш судалгаа нэлээд хийсэн байсан тул зөвлөхтэйгөө ярьж байгаад хөгжим урлаачдаар дөрвөлжин цартай жирийн икэл, ааган буюу аяган, хайсан буюу тогоон икэл тус бүрээс нь зургааг хийлгэсэн аж. Дөрвөлжин их биетэй зэмсгийг алдарт хөгжим судлаач Ж.Бадраагийн судалгааны дүнг үндэслэн урлуулжээ. Хайсан төрлийг Ойрадын их туульч Сарьсан гэдэг хүний XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед барьж байсан зэмсгийг дуурайлгаж, харин ааган икэлийг хойд хөршийн Санкт-Петербург хотын Эрмитажд байдаг үзмэрийг эх сурвалж болгон зураг, төслийг нь гарган хийлгүүлжээ. Д.Аюурзана багш “Ч.Чимэд дарга асуудлыг гурав хоногт шийдэж өгсөн. Хэчнээн олон жил сэтгэлдээ тээж явсан бодлууд ингэж биеллээ олов. Би жигүүртэй юм шиг болсон” хэмээж байлаа.
Икэлийн чуулга зөвхөн хөгжим тоглодоггүй. Дуучид, хөөмийчид, бүжигчид нь яг л урьдын адил ажлаа хийдэг. Театр, өөрөөр хэлбэл аймаг найрал хөгжмөө икэл суурьтай, шинэ чуулга болгон өөрчлөн зохион байгуулсан л гэсэн үг. Икэл, товшуур нь зөөлөн, битүү дуутай учир зөвхөн эдгээрээр найрал хөгжим үүсгэх боломжгүй. Тиймээс чуулгыг дуугаралт сайтай байлгахын тулд С.Энхбулаг багштай зөвлөлдсөнөөр ятга, ёочин, үлээвэр, цохивор хөгжмийг түшиг болгожээ. Хөгжим судлаач багш тус чуулгыг үүсгэн байгуулагчдын урилгаар “Ойрад” театрыг зорьж очин, Икэлийн чуулгын нээлтийн тоглолт үзсэнийхээ дараа Улаанбаатарт ирээд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Үнэнийг хэлэхэд ийм баг бүрэлдэхүүн энэ хэрийн түвшинд дуугарна гэж санаагүй. Маш сайн болжээ” гэж хэлсэн байжээ.
Д.Аюурзана багшийн сэтгэлийг икэлийн өлгий нутаг нь Монгол, эзэмшигчид нь монголчууд юм гэдгийг дэлхий дахинд тунхаглах сан гэсэн бодол чилээсээр уджээ. Тэрбээр “Үндэс угсаа, соёл нэгт Тувад икэлийг игэл гэдэг. Тэнд 20 жилийн өмнө Игэлийн чуулга байгуулаад, өнөөх өнө эртний бүдүүлэг ч гэж үзэхээр хөгжмийн зэмсгийг хэдийн өрнөдийн хөгжмийн соёлын нэгээхэн эд эс болгочихоод байна. Улмаар уг чуулгаа Тува улсын Үндэсний оркестр хэмээн өргөмжилсөн байдаг. Одоо энэ чуулгыг манай Л.Төгсбаяр удирдаж байна. Хөгжмийн коллеж нь игэлийн анги нээчихсэн, энэ мэргэжлээр төгсөгчдөд тусгай дунд боловсролын диплом олгож, амьдралынх нь баталгааг бий болгож байдаг юм” хэмээн ярьсан. Түүний санааг “Бид хоцроод байна даа” гэж хэлэх гэлээ хэмээн шууд уншихаар. Гэхдээ “Ойрад” театрынхан Икэлийн чуулга байгуулчихлаа шүү дээ.
Тус чуулгын морин хуурчид, хуучирч, шанзчин, бүжигчин, мөн дунд сургуулийн дуу хөгжмийн багш нар гээд төрөл бүрийн мэргэжлийнхэн икэл тоглож буйгаар онцлог. Тэдэнд икэл тоглохыг зааж, сурган, хөрвүүлсэн гэсэн үг. Харин цохивор хөгжимчин, ятгачин, ёочинч, үлээвэр хөгжимчид бол мэргэжлийн сургууль төгсөгчид юм билээ. Жишээ нь, цохивор хөгжимчин бүсгүй гэхэд Тувагийн хөгжмийн коллеж төгссөн ажээ.
Ийм нэгэн сонирхолтой үйл явдал эх орны баруун хойд хязгаарт жил гаруйн хугацаанд өрнөжээ. Театрын дарга Л.Төгсбаяр, судлаач багш Д.Аюурзана нар итгэж дэмжсэн Засаг дарга болон театрынхаа ахмад уран бүтээлчдийг байлцуулан икэлийн хөг тэгшитгэх, хөгжимчдөд икэл гардуулах ёслолыг өнгөрсөн гуравдугаар сарын эцэст зохион байгуулсан аж. Энэ өдөр тус чуулгын төрсөн өдөр бөлгөө.
Д.Аюурзана багшийн сэтгэл Икэлийн чуулга байгуулалцсанаар ханаагүй бололтой. Тэрбээр “Одоо икэлээ ЮНЕСКО-д бүртгүүлчих юм сан” гэж байлаа.