Үндэсний урлагийн их театрынхан дотоод, гадаадын жуулчдад зориулдаг, уламжлалт “Монголын сайхан орон” тоглолтоо өнөөдрөөс эхлэн Дуурийн театрт явуулна. УДЭТ, ҮУИТ хоёр дундаа нэг концертын танхимтай билээ. Тус танхимд нь Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг энэ зун удаан хугацаанд тоглуулахтай холбоотойгоор ийнхүү буурь сэлгэн бууж байгаа юм. “Монголын сайхан орон” тоглолтоор уран бүтээлчид сан хөмрөг дэх шилдэг бүтээлүүдээсээ дээжлэн өргөдөг. Театрын зүгээс үзэгч олноо “Өнө эртний төрт улс Хүннү гүрнээс улбаатай хөг аялгуу, Их Монгол улсын их хаадын орд өргөөнд дуурьсаж байсан Төрийн найрал яруу тунгалгаар эгшиглэнэ. Замбуу тивийг аргадсан дуун түрлэгээр сонорыг тань баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлнэ” хэмээн урин залжээ.