Зураач С.Шүрэнцэцэг “Норфейарт” галерейд уран бүтээлийн “Bold female forms” үзэсгэлэнгээ нээлээ. “Хүчирхэг эмэгтэйчүүдийн галбир төрх” хэмээн бууж байгаа биз. Куратор нь урлаг судлалын ухааны доктор Ц.Цэндпүрэв юм билээ. Тэрбээр зураачийн дотоод “би”-г олж харах, мэдрэх гэж, бодол, хүсэл болон нийгэмд хүргэх гэсэн дуу хоолойгоо зотон даавуун дээр хэрхэн буулгасныг нь мэдэх гэж олон удаа уулзаж ярилцжээ. Сонирхолтой бичиж. “Зураач бусдыг өөртөө татахын тулд ”хашхирах”-ын оронд “өөрийгөө илаарьшуулах” чимээгүй аргачлал болох зурахыг сонгосон. Энэ нь түүнд тохирч байгаа. Үр дүнтэй ч аргачлал. Би тус үзэсгэлэнгийн хувьд түүний дуу хоолой нь болж байгаадаа баяртай байна” гэсэн байлаа.
С.Шүрэнцэцэг эмэгтэйчүүдийг зурсан. Тэрбээр эрэгтэй хүмүүсийнхээр амьдарч үзээгүй болохоор тэдний ертөнцийг мэдэхгүй гэдгээ хэлэв. Түүний туурвисан бүтээлүүдийнх нь дүр хэн гэдэг нь мэдэгдэхгүй. Өөрийнхөөрөө буй буюу сууж, явж, хэвтэж, тольдож, ваннд усанд орж байгаа гэх зэрэг эмэгтэйчүүдийг дүрсэлсэн байв. Биерхүү, хааш яаш, гэхдээ тун зоримог алхаа гишгээтэй нь бий. Бие, сэтгэлээ зоргоороо “хаясан” мэт эв хавгүй суугаад юу ч юм бодож байгаа бололтой төрх ч байна. Урт үсээ задгай хаян, дээшээ харж, хэд нугаларсан байдалтай хэвтээ нүцгэн хүүхний зургийг харахад хөнгөн явдалт, хэн нэгэнд таалагдах гэж ийнхүү хамаг юмаа задгайлждээ гэх сэтгэгдэл төрөхгүй. Зураачийн бүтээл бүрийг энэ мэтчилэн уншиж болох бөгөөд нийтэд нь авч үзвэл бүсгүй заяагаар илэрхийлэгдэх хүчирхэг байдал гэхээр ч юм шиг. Эрх чөлөө, хүч чадал мэдрэгдэх шиг. Зураач бол “Эмэгтэйчүүд гоё байхын шалгуур, хэмжүүр нь туранхай байх биш юм. Тэр хүн хэн бэ гэдэг бол үзүүлэлт” гэсэн. Энэ ч өнцгөөс амьдралд ханддаг нэгэн аж.
Уг үзэсгэлэнг үзэхэд саяхан уншсан “Бүгд л шархтай, асууя” гэдэг ном санаанд орж байв. Түүнийг бичсэн бүсгүйчүүд нь эмэгтэй хүмүүс шийдэх л юм бол юу ч хийх зоригтой, маш их хүчтэй гэдгийг харуулъя гэж зориогүй юм билээ. Эмэгтэйчүүдийн дотоодод хуримтлагдсан их хүч эгээ л галт уул мэт дотроосоо дэлбэрэх гээд байвал барьж, хорилгүй гаргаж байх ёстой юм байна гэсэн санаагаар ном гаргасан санагдсан. Бага байхаасаа төрөл бүрийн хүчирхийлэлд өртөж, амиа хорлочих юм сан гэсэн бодол хэсэгтээ тээхдээ хүрч явсан бүсгүй тулж ирсэн болгоныг сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужлын хүчээр даван туулсан. Дэлхийн сонгодог зохиолуудыг англиар чөлөөтэй унших хүртлээ бие даан гадаад хэл сурч, мэдэж, мэдэрснээ бусадтай харамгүй хуваалцдаг багш болтлоо өсөж хөгжсөн түүхийг уншихад ойр зуурын бэрхшээл бол юу ч биш юм гэсэн бодол төрсөн юм. Нэг ёсондоо сэтгэлдээ зовлон гэж бодож байсан хэрэггүй бодлуудын хүлээснээс чөлөөлөгдөх шиг мэдрэмж төрсөн билээ. Магадгүй зураач С.Шүрэнцэцэгийн уран бүтээлийн “Bold female forms” үзэсгэлэнг үзвэл эмэгтэйчүүдийн талаарх бодол тань өөрчлөгдөж ч магад. Тэднийг хайрлаж, энэрэх, гоо үзэсгэлэнг нь таашаах нэг хэрэг. Харин аливаад эмэгтэйлгээр, гэхдээ тун бүтээмжтэй бөгөөд ухаалгаар ханддаг ул суурь, бат бөх шинж чанарыг нь дахин нэг хүлээн зөвшөөрөх буй за.