Говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой нэ онд тохиож буй билээ. 2003 онд ЮНЕСКО-гийн шийдвэрээр 200 жилийнх нь ойг дэлхий даяар тэмдэглэсэн. Энэ удаа тэгш ойнх нь хүрээнд Монголын дөрвөн говь буюу Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг хамруулан соён гэгээрлийн чиглэлийн томоохон арга хэмжээнүүд зохион байгуулах замаар дэлхийн хүн хутагтынхаа үйлс бүтээл, өв сургаалыг эргэн санаж, таниулан дэлгэрүүлэх нь зүйн хэрэг хэмээн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны түвшинд ярилцаж, санал нэгдсэн байна. Эдүгээ Засгийн газраас тогтоол гаргахыг хаана, хаанаа хүлээж байгаа ажээ. Жилийн хагас, улирлын сайхан өнгөрөх гээд байдаг. Гэтэл тогтоол, төсвийн сураг одоогоор алга. Юутай ч энэ ойд эртнээс бэлтгэсэн байгууллага, хүмүүс ядаж л ноён хутагтын бүтээлээс сэдэвлэж бий болгосон, ҮУИТ-ын “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжгийг Дорноговийн Хамарын хийд болон бусад зохистой газруудад тоглуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
Монголчууд ноён хутагтын мэндэлсний ойг яагаад тэмдэглэх ёстой вэ. Тэр хэн байв. Дэлхийн соёлын хамгийн том байгууллага ЮНЕСКО яагаад мэндэлснийх нь 200 жилийн ойг дэлхий даяар тэмдэглүүлэв. Хутагт нь яруу найрагч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач байсан. Үүний сацуу нууц тарнийн ухаанд төгсөрсөн агуу их мастер, нууц тарнийн оргилд хүрсэн хүн гэж дэлхийн эрдэмтэд үзэн, энэ төрлийн хүмүүсийн нэрсийн жагсаалтад бүртгэсэн байдгийг бидний хэд нь мэдэх юм бол. Энэ бүхэнд Равжаа судлаачид хариулсаар, илүүтэй судалсаар буй ч өдгөө ноён хутагтын талаар сайтар мэдэх хүн ховор хэвээр. Өвийг нь хадгалан хамгаалж, соёлыг нь түгээн, музей байгуулж, эд өлгийн зүйл болон бүтээл туурвилыг нь ард олонд хүргэн, судалгааны эргэлтэд оруулах өв соёл, оюуны томоохон ажлыг гүйцэлдүүлж явсан, хутагтын долоо дахь үеийн тахилч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл өөд болсон. Цаашид их хүмүүний оюун, эрдмийн их үйлсийн өгөөжийг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх хариуцлага төр, засагт ногдож буй нь цаг үеийн шалгуур гэлтэй.
Данзанравжаа нь төрөлхийн билиг оюун төгс нэгэн байжээ. Таван настайгаасаа 54 хүртлээ бусдын, олон түмний гэгээрэл, нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөн багштан, соён гэгээрүүлэгч. Дээр дурдсанчлан тэрбээр яруу найрагч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач байж. 300 гаруй яруу найрагтай. Жүжгийн зохиол гэхэд 10 дэвтэр туурвисан. 100 гаруй дуутай. Монгол, төвөдийн аль алинаар бичдэг байсан бөгөөд монголоор бичсэн 200 гаруй, төвөдөөр туурвисан 180 орчим зохиолтой. 1830 онд “Намтар дуулах дацан” гээчийг байгуулсныг Монголын анхны театр гэж үздэг . “Саран хөхөө” нэрийн доор “Эзэн Чингис”, “Мандухай хатан” гэх мэт жүжгийг ч тоглуулж байж. Нүүдэлчдийн тэрхүү өвөрмөц театртаа жүжгийн тоглолтоор дамжуулан монголчуудад түүхийг нь таниулдаг “драматург” байсан гэхэд хилсдэхгүй. Жүжгүүдийнхээ зохиолыг өөрөө бичиж, найруулдаг байсан аж. Дүрд тоглох хүмүүсийг сонгож, бэлтгэл сургуулилалт хийлгэн, тайзны зургаа өөрөө гаргаж, жүжгээ аятай, дуутай болгодог байжээ. Хөгжимчдийг цуглуулан тоглуулахдаа өөрөө удирдаж байсан. Гарын ур дүйтэй, авьяастай хүмүүсийг зураач, оёдолчноор ажиллуулж хөлсөнд нь хоол хүнс өгдөг байж.
Хутагт бас уран барилгач. 1830 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газарт Хамарын хийд, 1840 онд Өмнөговьд Дэмчогийн, Цагаан толгойн, Эрээтийн гэх мэт нийт найман том хийд бариулсан байна. Тэр бүгдийнхээ зураг төслийг өөрөө л гаргажээ. Хамарын хийд нь хутагт ламтаны гол өргөө байсан бөгөөд ном уншлагын газар, сүм, дацан, сургуультай.
Мөн тэрбээр гүн ухаанч бөгөөд Хамарын болон Дэмчогийн хийд буй газрыг дэлхийн эрчим хүчний цэг буюу Шамбалын орон гэж үздэг байжээ. Шамбал гэдэг нь оюуны орон гэсэн үг. Хүн өөрийн оюун ухаан, сүнсний тусламжтайгаар Шамбалд зорчиж маш их энерги авах боломжтой хэмээн хутагт сургаж ирсэн аж. Тэрбээр Шамбалын оронд зорчих хоёр суваг бий, түүний нэг нь Монголын говьд, нөгөө нь Төвөдийн Хайлас ууланд байдаг хэмээн бясалгажээ.
Данзанравжаа нь багш, соён гэгээрүүлэгч. Ард олныг харанхуй мунхгаас гаргахын тулд хийд дээрээ тусгай сургууль байгуулж эрэгтэй, эмэгтэйчүүдийг адилхан сургаж, нарийн мэргэжил айжээ. Эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургаж, нийгмийн амьдралд татан оролцуулсан төдийгүй бүсгүй хүнийг магтан дуулсан олон арван бүтээл туурвисан билээ. Хийдэд нь эмэгтэй лам) нар хамт сууж ном уншдаг байж.
Данзанравжаа нь цэргийн жанжин. Манжийн хаан ноён хутагтын явуулдаг оюуны соёлыг түгээх бодлогоос эмээдэг учраас үйл ажиллагааг нь зогсоох гэж элдвээр оролддог байсан гэдэг. Манжид гарсан хятадуудын бослогыг даруулахаар “Хил хязгаараас ирсэн цэргүүдийг хамгаалж дайнд яв” гэж цэрэгт дууджээ. Тэр үед Чингис хааны хар сүлдийг авч явах гэтэл хориглосон учир Занабазарын бий болгосон соёмбо бүхий шар тугийг Манжийн шар туг шиг харагдуулахаар авч явдаг байсан гэнэ. Ийнхүү олон талаар монголчуудынхаа зам, замналд гэрэл гэгээ, түүчээ нь болж ирсэн ухаант ламтан бол ноён хутагт Данзанравжаа.
Тэрбээр 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын ганц хүү болон мэндэлжээ. Таван нас хүртлээ аавтайгаа гуйлга гуйн амьдарсан аж. Хүү нэг л өдөр өөрийн өмнөх дүрийг таньсан байна. Айлын үүдэнд байсан ламаас “Морио авъя” гэж нэхэхэд өнөөх лам ямар учиртайг асуухад хүү өмнөх дүрийнхээ тухай ярьжээ. Мөн зургаан настайдаа нутгийн нэгэн ноёны найран дээр “Хурмаст тэнгэр” хэмээх гүн ухааны шүлэг хэлж, хавь ойрын хүмүүсийг алмайруулж гэнэ. Энэ мэтчилэн авьяас билгээрээ тодрон, олонд хүндлэгдсээр таван настайдаа Говийн догшин ноён утагтын дүрд өргөмжлөгдсэн түүхтэй.
Данзанравжааг долоон нас хүрэхэд нь манжуудаас нуун байж “ноён цорж лам” хэмээгээд, тамга бариулсныг Манжийн хаан мэдээд шарын урсгалын гурван оргил болох Далай лам, Богд гэгээн, Банчин богд нарыг илгээж шалгуулсан гэнэ. Хэрвээ худал бол цаазлах үүрэгтэйгээр цэрэг ч дагалдуулсан байна. Гэтэл бурхны шашны гурван тэргүүн шалгаад, уг хүү ноён цорж лам болохыг хүлээн зөвшөөрөн, мандал өргөсөн тул Манжийн хаан яаж ч чадаагүй . Данзанравжаа 16 нас хүртлээ буддын шашин судлаад Монголд улааны урсгал илүү тохирно гэж үзэн, дэлгэрүүлэх ажилд зүтгэжээ. Нэг талаас бурхны хойд дүр гэгдэх, нөгөө талаас төрөлхийн авьяас, билэг танхай заяасан энэ хүн 54 наслахдаа тухайн үед Монголын говь төдийгүй, Дорно дахинд алдаршсан соён гэгээрүүлэгч болсон юм.
Данзанравжаа бол эм найруулагч, эмч. Тухайн үед Монгол орныг нөмрөөд байсан яр, тэмбүүний нянг устгах, уг өвчнийг анагаах эмийг үлэг гүрвэлийн яснаас гарган авч. Тэр эмээр олон хүнийг өвчнөөс нь салгасан түүхтэй юм байна. Өөрөө судас барьж тан найруулдаг байсныг гэрчлэх зүйл эд өлгийн баримтаас нь олдсон ажээ.
Ноён хутагт архийг рашаан болгон хүртдэг байсан бөгөөд уух тусам оюун ухаан нь тэлж, эрдэм чадал нь тодорч улам олон янзын ид шидийг үзүүлдэг байсан гэнэ. Нэг удаа шавь нараа цуглуулаад вааранд ус хийгээд ном уншмагц ваартай ус буцлан оргилж гэр дүүрэн архи ханхалж. Тэр үед шавь нартаа хандан “Та нар энэ хэмжээнд хүрч чадвал архи зооглож болно. Хүрээгүй бол архийг бүү хүрт” хэмээн сургажээ.
Дэмчогийн хийдийг хятадуудаар бариулсан аж. Ажлын хөлсийг цалин цагаан мөнгөн ембүүгээр хангалттай сайн төлжээ. Хутагт шавь нартаа “Цагаан толгойтоос цагаан чулуу ачаад ир, замдаа нэг ч чулуу унагаж болохгүй шүү” хэмээн захиж. Ачиж ирсэн цагаан чулуунууд нь Дэмчогийн хийдэд ирэхдээ мөнгөн ембүүнүүд болчихсон байж гэнэ. Түүнийг нууц тарнийн шидэд нэвтэрсэн хүн гэдэг нь энэ юм болов уу.
Манжийн хаан 1856 онд олноо алдаршсан Данзанравжаа хутагтыг дарахын тулд түүний архинд дуртайг ашиглан нутгийн хөгшин ноёны бэлэвсэн хатнаар хор өгүүлсэн юм билээ. Өөрт нь хор өгөх гэж ирээд байгааг мэдсэн атлаа “Өрөөл бусдыг ингэж олон удаа зовоохоо больё. Үхэх цаг минь ирсэн бололтой” хэмээгээд хортой архийг уугаад, бэлэвсэн хатанд зориулан “Ертөнц авгайн жам” гэдэг шүлэг бичээд нас барсан аж. Түүнийг нас эцэслэсний маргаашаас Манжийн хаан сургууль, театр, хийдийг нь хаалгасан байна.
Равжаа хутагтын дэргэд байсан Түдэв гэдэг тахилч лам эдэлж хэрэглэж байсан бүгдийг нь яаравчлан цуглуулжээ. Шарилыг нь занданшуулан Хамарын хийдэд бунхан болгов. Манжийн хууль дахь “Булш бунханд хүрч болохгүй” гэсэн заалтыг ийнхүү овжин ашигласан нь тэр. Түдэв тахилчийн үр удам үе улиран Равжаа хутагтын өвийг хамгаалж ирсээр 1938 онтой золгожээ. Эд хэрэглэлийг нь 1500 авдарт багтааж хадан агуйд хийх, газарт булах зэргээр нуух гэж оролдсон боловч Дотоод яамныханд баригдсаар 68-ыг нь л үлдээж чадсан юм байна. Хэлмэгдүүлэлтийн үед Данзанравжааг ноёрхогч ангийн төлөөлөгч хэмээн үзэж байсан билээ. Тиймээс бүтээл ба намтар түүх нь олны хүртээл болохоос болгоомжилж, үлдээсэн өвийн зүйлсийг устгасан аж.
Тэрхүү Түдэв тахилчийн ач, дээр дурдсан З.Алтангэрэл Сайншанд хотод 1200 гаруй үзмэртэй “Гиваадин Равжаалин” музейг байгуулж захирлаар нь ажиллаж байв. Уг музейд ноён хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хэрэглэл, хэвлэмэл зохиол бүтээл, эх гар бичмэлүүд, театрын хувцас хэрэглэл, макет, сүмийн сонин хачин эд зүйлс, Тан улсын үеийн модон бар, энэтхэгийн их йогуудын уран зураг, Япон самурайн сэлэм, монгол урчуудын бүтээл зэрэг тэр үеийн дотоод, гадаад хүмүүсийн бэлэглэсэн, бүтээсэн ховор нандин айдаг аж.
Олонд түгсэн мэдээлэл дундаас ийнхүү товчлон хүргэх төдийд говийн догшин ноён хутагт Данзанравжаа гэж чухам хэн байв гэдэг талаар цухас гадарлаж болохуйц. Соён гэгээрүүлэгчийн мэндэлсний 220 жилийн ойг соёл, урлагийн өвөрмөц арга хэмжээнүүд зохион байгуулах замаар тэмдэглэн өнгөрүүлэх ёстой гэдгийг дэмжихүйц.
ҮУИТ саяхан Данзанравжаа хутагт үгийг нь зохиосон “Үлэмжийн чанар” дууны үг, бадгуудаас сэдэвлэн, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Шартолгой цомнол бичсэн “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжгийн 15 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг хоёр орой дараалан үзэгчдэд хүргэсэн юм. Үүнийг үзэж, сонсож суухад одоогоос 200-гаад жилийн өмнө Равжаа хутагт шунал, мунхаглалд хөтлөгдсөн түшмэд нийгэмд ямар гай тарьдгийг тов тодорхой өгүүлснийг өнөөгийн хөрсөнд буулган бодлогоширч суулаа. Дараахан нь уг жүжгийн найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болдоос “Ноён хутагт энэ цаг үед бидний дунд байсан сан бол эрх мэдэлд ойр нөхөд хэрхэн улсын хөрөнгөөр туйлж байгаа талаар юу гэж хэлэх байсан бол” гэж асуухад ““Ичиг, ичиг” шүлгээ л дуудах байсан даа” гэсэн юм. Тийм ээ, энэ нь мөнхийн бүтээл ажгуу.
Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг шуугиулагч түшмэд ичиг...