“Дэлхийн энхийн их наадам” байгууллагаас уламжлал болгосон “Энх ирээдүй” гар зургийн VIII уралдааны энэ оны ялагчдын нэг ШУТИС-ийн дэргэдэх ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Үжинмаралтай ярилцлаа.
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний хүсэл мөрөөдөл, ирээдүйн талаарх төсөөллийг нийгэмд хүргэх дуу хоолой болгох зорилгоор зохион байгуулдаг уг уралдаанд энэ жил нийслэл болон Дархан-Уул, Орхон, Хэнтий, Өвөрхангай аймгаас нийт 122 бүтээл ирүүлснээс ахлах, дунд насны ангилалд тэрбээр тэргүүлсэн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн уран бүтээлчдийн зэрэгцээ салбар бүрийн олны танил алдартнууд ажилладгаар онцлог юм. Тэд оролцогчдын бүтээлч санаа, тайлбар, зурах арга барил зэргийг харгалзан бүтээлүүдийг шалгаруулжээ.
-Зургаа тайлбарлаж өгөөч.
-Хүсэл мөрөөдөл, ирээдүйн талаарх төсөөллөө илэрхийлэх ёстой байсан. Би бидний амьдардаг хот, орчин гоё байгаасай гэсэн бодлоор зурсан. Дэлхий амгалан тайван, хот хүмүүс амьдрахад таатай байгаасай гэсэн үүднээс хөөрхөн охин, энх тайвны бэлгэ тэмдэг гэдэг тагтаа хоёроор голлосон юм. Охины баруун мөрөн дээр суусан тагтаа хүмүүсийг үүрээд явж байгаа биз. Энх тайвны хүч гэсэн санаа юм. Цэцэгс нь ургамал, байгаль дэлхий, ногоон орчин гэсэн утгатай. Однуудаар өдөр, шөнө уулзаж байгааг илэрхийлсэн.
-Өдөр, шөнийн заагийн учир юу вэ?
-Тийм ээ. Хотыг зориуд дүнсгэр, уйтгартайгаар зурсан. Хүйтэн, хүнд өнгө сонгосон юм. Гэхдээ хүүхэд инээмсэглэлээрээ энэ хотыг гоё болгож байгаа. Хот хэдий бараан байсан ч, хүмүүс нь аз жаргалтай байх юм бол орчин солонго татсан юм шиг гэрэлтэй байна гэсэн санаа. Хүмүүс мод тарьж, зүлэгжүүлбэл хот аяндаа гоё болно.
-Хотыг яагаад уйтгартайгаар харуулав?
-Манай Улаанбаатар гэхэд утаатай, бохир, машины дуут дохио тасардаггүй, хүмүүс нь ууртай. Энэ байдлыг ерөнхийд нь харуулах гэсэн юм.
-Зураач шиг л санагдаж байна. Хэзээнээс зурж эхэлсэн бэ?
-Бага байхаасаа эхэлсэн. Миний ээж зураач Т.Хулан. Гэхдээээж нададяаж зурахыг зааж байгаагүй. Яагаадгэдгийг ньмэдэхгүй. Цэцэрлэгт, бага ангидбайхдаа зурдаг байснаа нэг хэсэгтээөөрийгөө бүр унтраачихсанбайсанюм. Харинэнэсургуульдэлсэж орсноос хойш дахинзурж эхэлсэн.
-Юу нөлөөлсөн юм бол?
-Математик, ур чадварын шалгалт өгч, тэнцээд орсон л доо. Шалгалтуудыг сайн өгсөндөө урамшсан юм болов уу. Шинэ сургуульд ороод удаагүй байхдаа Япон, Монголын төвөөс зарласан, япон болон монгол соёлын тухай юу мэдэхээ харуулах уралдаанд оролцоод гуравдугаар байр эзлээд их баярласан. Түүнээс хойш уралдаанд орж байя гэж боддог болсон юм. Бас манай зургийн багш сайн зөвлөгөө өгдөг нь ч нөлөөлсөн байх. Манай багшийн нэр Э.Гансүх.
-Монгол болон япон соёлын тухай хэрхэн зурснаа ярихгүй юү.
-Аль алийг нь, юу, юугаар илэрхийлж болохыг бодож байгаад сүмог монгол бөхтэй, кимоног дээлтэй, самурайг монгол хүлэг баатар, морин цэрэгтэй гэхчлэн харьцуулж зурсан юм. Японы цайны урлаг гоё санагддаг.
-Тал бүрийн мэдлэгтэй хүүхэд юм. Япон соёлын тухай онцолж сонирхдог юм шиг санагдлаа.
-Ээж Японд оюутан байхдаа намайг төрүүлсэн юм. Гурван нас зургаан сар хүртлээ тэнд байсан. Тийм болохоор энэ орон, хүмүүсийн тухай мэдэхийг хүсдэг.
-Тэнд байснаа санадаг уу?
-Далайн эргээр явж байснаа, элсэн дээр тоглож байснаа, өвөрмөц хэлбэртэй аквариум харснаа санадаг. Бас цэцэрлэгийн хээ ангийнхантай байгальд зугаалж явахдаа цөөрмийн галуу, нугаснуудаас айгаад уйлж байснаа санадаг юм. Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зарласан зургийн уралдаанд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг.
-Мөрөөдлөө хуваалцаач. Цаашид зурсаар байна биз дээ.
-Зурна. Бага байхдаа дуртай хүүхэлдэйн кинонуудынхаа дүрүүдийг ихэвчлэн зурдаг байсан юм. Одоо бол комик төрлөөр сайн зурдаг болоод ирээдүйд өөрийн гэсэн хүүхэлдэйн кинотой болохыг мөрөөддөг болсон. Гэхдээ зохиол дээрээ гацчих юм шиг байна лээ. Санаанд байгаагаа өрнүүлж, үргэлжлүүлэн боддог л доо. Гэсэн ч нэг л болж өгөхгүй юм.
-Танай үеийнхэн дунд сайн зурдаг хүүхэд хэр олон байдаг бол?
-Олон. Манай ангийнхан гэхэд бүгд сайн зурдаг. Бүгдээрээ ур чадвар болон математикийн шалгалт өгч тэнцэж элссэн хүүхдүүд болохоор тэр байх аа.