Македоны Битола хотын ЮНЕСКО-ын дэргэдэх Театр урлагийн институтаас 23 дахь жилдээ зохиогдож буй “А”зэрэглэлийн “One man show” Олон Улсын нэг хүний жүжгийн уралдаант фестиваль амжилттай болж өндөрлөлөө. Фестивальд Төв аймгийн Монгол Туургатан театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Янжиндулам нь Б.Батдэлгэрийн “Би хэн бэ” жүжгээр оролцож, Гран при шагнал хүртлээ. Тэрбээр өмнө нь ч олон улсын “Ялагчдын цуваа 2021” уралдаанд оролцож Гран при шагналт хүртэж байжээ.
Дэлхийд ганц хүний буюу моно жүжгийн төрлийг бий болгосон нь жүжигчнийг нээх зорилготой. Жүжигчин өөрийгөө бүх талаар нээнэ гэсэн үг. Энэ талаар Монголын судлаачид "Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй. Ганц хүний жүжиг дээр ажилласан найруулагч, зураач, жүжигчид бол хамгийн олон талт, хамгийн өргөн цар хүрээг өөртөө бий болгож гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, маш нарийн нягт ажиллагаа орно. Ур их нэхдэг төрөл. Жүжгийг тавихад ур гэж юм бий. Урыг хамгийн их бий болгож чадаж байгаа төрөл бол энэ моно жүжиг юм" гэж хэлсэн байдаг.