СУИС-ийн багш нар бүрэлдэхүүнд нь багтдаг үндэсний хөгжмийн “Тэнгэр аялгуу” хамтлагийнхан Япон Улсын Осака хотод болсон цөөхүүл хөгжимчдийн олон улсын уралдаанаас гран при шагнал хүртжээ. Энэхүү уралдаанд 30 гаруй орны 84 хамтлаг оролцсон юм. Эхний шалгаруулалтыг онлайнаар явуулжээ. Уран бүтээлчид сүүлчийн гурван шатны шалгаруулалтад АНУ, Франц, Герман, Австри, Англи, Швейцар, Япон, ОХУ, Молдав, Нидерланд зэрэг орны шилдэг 12 хамтлагтай газар дээр нь очиж өрсөлдсөн. Мөн тэд уралдааны гурван ч тусгай шагналын эзэн болсны зэрэгцээ 2025 онд Япон Улсад аялан тоглох эрхээр шагнуулжээ. “Тэнгэр аялгуу” нь морин хуур, ёочин, лимбэ, эвэр бүрээ, их хуур тоглодог хөгжимчдөөс бүрддэг.