Эрх мэдэл, баялгийн оргилд эрлэг ч бий, там ч байна. Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Верди хүн төрөлхтний сонгодог дуурийн урлагт гайхамшигтай 26 дууриараа мөнхрөн үлдсэн юм. Тэрбээр У.Шекспирийн зохиолоор сэдэвлэн гурван дуурь бүтээсэн. Эхнийх нь 1847 онд туурвисан “Макбет” байв. Мөн 1887 онд “Отелло”, 1893 онд “Фальстаф”-ын дуурийн хөгжмийг бичсэн. Дуурийн цомнол, түүний шүлэгт онцгой анхаарал тавьдаг Ж.Верди харин тухайн үед “Макбет”-ын зохиолыг эвдэхийг хүсээгүйгээр үл барам аль болох Шекспирийн зохиолын драматург, хэв маягийг өөрчлөхгүйгээр хэвээр нь үлдээж, өөрийнхөө хөгжмийг түүнд нийцүүлэн зохиохыг хичээсэн хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг.
Ж.Верди гол дүрүүдээ хэнд өгөх, хэнээр дуулуулахаа эхнээсээ, зохиол бичих явцдаа төлөвлөн тооцож, дуучидтайгаа байнга уулзаж, захидлаар харилцаж байсан тухай баримт бий. Түүний өөрийнх нь бичсэнээр бол энэхүү дуурийн гол дүрүүдэд гарах дуучдын гадаад төрх, зүс царай, бие бялдар нь гоё сайхан байхдаа чухал бус, жүжиглэх ур чадвар нь өндөр хэмжээнд байхыг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, хөгжмийн зохиолч нь энэхүү зохиолыг уламжлалт дуурь болгохоос илүүтэй Шекспирийн эмгэнэлт жүжгийг хөгжмөөр илэрхийлэхийг зорьж байсан хэрэг юм. Тийм ч учраас гол дүрийн жүжиглэлт хамгийн чухал үүрэгтэй, ач холбогдолтой байсан аж.
Нэгэнт л дуулахаасаа илүүтэй жүжиглэлт, тоглолт чухал аваас уг дуурийн хөгжмийн хэллэг нь Ж.Вердийн бусад дууриас ялгаатай байхаас өөр аргагүй юм. Ж.Вердийн “Риголетто” зэрэг дуурьт заавал мэт байдаг өвөрмөц тансаг аялгуу бүхий ари “Макбет”-ын гол дүрүүдэд тэр бүр тохирохгүй. Бас ари болон речитативын хооронд онцгой ялгаа анзаарагдахгүй ажээ. Энэ талаас нь үзвэл Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Верди энэхүү “Макбет”-аар дуурийн урлагт шинэ загвар бий болгожээ. У.Шекспир болоод Ж.Верди нар энэхүү тус тусын бүтээлээрээ өөр өөрсдийнхөө цаг үедээ нийгмийн шүүмжлэлт сэтгэлгээний илэрхийлэл болж байсан юм.
2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30-нд Монгол Улсын ДБЭТ-ын урын санд нэгэн шинэ бүтээл бүртгэгдэх болсон нь дээрх “Макбет” дуурь байлаа. Найруулагч С.Баттулга орчин үеийн гэж болох шинэлэг тайз засал, найруулга бүхий дуурь тавьжээ. Хэдхэн жилийн өмнө Р.Леонковаллогийн “Хэрмэл жүжигчид” дуурийг шинээр тавьж найруулагчийнхаа дипломыг өвөртлөн ирж байсан залуу уран бүтээлийнхээ замналыг “Макбет”-аар үргэлжлүүлэв. Тэрбээр сонгодог дуурийн урлагт зоригтойгоор, ханцуй шамлан дайрах мэт сэтгэгдэл төрүүллээ. Цаг үеэ мэдэрч, шинэлэг тавилт, зоримог алхмуудаар үзэгчдээ үргэлж байлдан дагуулахыг хүсье.
Уг дуурийн ерөнхий зураачаар О.Баярмагнай ажиллахдаа тайзыг минималист хандлагатай хийц, загвараар бүтээсэн нь орчин цагийн сэтгэлгээтэй дүйцүүлсэн шинэ өнгө аястай болсон байх аж. Мөн дуурийнхаа агуулга, үйл явдалтай зохицуулан тайзны гэрэл, дүрс бичлэг зэрэг сонирхолтой олон зүйлийг хэрэглэж, жүжгийн драматург, зөрчилдөөнийг тодотгосон нь Өрнийн хөгжмийн театруудын чиг хандлагатай ойролцоо очих болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа. “Макбет”-ын үзэл санаа, түүх бол өнөөдөр ч хүн төрөлхтөнд байгаа сэдэв, амьдрал тул нэгэнт хийсэн энэ дууриа улам баяжуулан “дэлхийд байхгүй” дуурийн шоу тоглолт болгож, төр, засгийнхаа аялал жуулчлалын бодлогыг дэмжихэд болохгүй гэх газаргүй юм.
Нээлтийн тоглолтын эхний өдрийнхөд Макбетын дүрд Л.Бүүвэйбаатар, хатагтай Макбетад Б.Энхнаран, Банкод О.Хүрэлбаатар, Макдуфд Б.Батжаргал, Мальколмд Ө.Цэрэнчунт, мөн дуучин Ж.Энхмаа, Э.Мөнхтөр, Э.Амарсайн нар амжилттай, чадварлаг дуулж тоглов. Харин дээр дурдаад байсан Ж.Вердийн тоглолт, жүжиглэлт зарим дуучдад дутагдаж байсныг, дуулах ур чадвартаа анхаарах шаардлага бийг залуу найруулагч тоглолтын явцад анзаарсан биз ээ. Бямба гарагт болсон эхний тоглолтод гоцлол дуучин О.Хүрэлбаатар, Б.Энхнаран нарын тоглолтын ур чадвар, хоолойн чадал онцгой байсныг дурдах нь зүйтэй.
Ж.Вердийн дууриудыг найрал дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний дууриудад найрал дуу нь драматургийн чухал үүрэгтэй байдаг бол энэхүү “Макбет”-ын найрал дуучдын оролцоо, тоглолтод баяр хүргэхээс аргагүй. Мөн балетын жүжигчид үүргээ амжилттай биелүүлсэн.
Аливаа дуурийг амилуулж, амьдруулж байдаг хэсэг бол яах аргагүй хөгжимчид юм. Италиас ирсэн Стефано Торболийн удирдсан жүжгийн тоглолт болоод ялангуяа симфони найрлын тоглолт, найрал хөгжмийн дуугаралт гайхамшигтай байсныг хэлэх хэрэгтэй. Баярлалаа хөгжимчид өө. Та нар байхгүй бол тайз яах билээ. Харамсалтай нь, доор байгаа хөгжимчдийг тоож талархах хүн байсангүй. Мөн жүжгийн эхлэл, төгсгөлийн ёсолгоо, элдэв зүйлд шүүмжлэлтэй хандах нь театрын ёс зүйд шууд нөлөөлөх юм.
Харин энэ дуурийг яагаад, ямар учраас тавих болсон, зорилго, ач холбогдол нь юу байв гэдэг нь сонин санагдаж байлаа. Учир нь энэхүү дуурийн агуулга нь манай Монголын өнөө үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар хэлээд ч байх шиг. “Макбет”-ыг тайзнаа тавих сургаар л энэ тухай яагаад, бас дахин яагаад гэсэн асуулт гарч ирээд байв. Хэн нэгэн хүн эрх мэдэлд хүрэхээрээ өнгөрснөө мартаж, хүн биш, чөтгөр болон хувирахын цагт юуг ч үл өршөөхийг энэ дуурьт өгүүлнэ. Цаг үеэ олсон сэдэв мөн.
Шинэ уран бүтээлийг, цаг үеэ олсон агуулгыг, сонгодог дуурийг нийтийн хүртээл болгох нь театрын зохих албаны бүхий л бүрэлдэхүүний хийх ажил байдаг. Энд бичих гэсэн санаа бол ямар нэг бүтээлийг амралтын хоёр өдөр дараалан давтан тоглохыг өөрчлөх тухай юм. Жүжигчдийн бүрэлдэхүүн нь өөрчлөгдөх хэдий боловч нэг л жүжиг гэдэг утгаараа ажил, амралтаа зохицуулаад аль нэг тоглолтыг үзнэ. Хэрвээ онцгой тохиолдол биш бол нэг жүжгийг хоёр өдөр дараалан үзэх нь ховор байх биз.
Ж.Вердийн “Макбет” дуурийг шинээр тавьсан гэхэд хоёр өдрийн тоглолтод үзэгчдийн танхим хангалттай хэмжээнд дүүрээгүй л байв. Уран бүтээлчид ажлаа сайн хийчихлээ. Одоо яах вэ. Шинэ жүжгийн тоглолтыг үзэгчдэд хүргэх учиртай театрын Маркетингийн алба ажлаа хангалттай гүйцэтгэсэнгүй. Шинэ дуурийн тухай сонсоогүй, дуулаагүй зарим үзэгч хожим амаа барьцгааж байсан. Тийм олон хүн тааралдав.
Цаашилбал театрын соёл гэж өвөрмөц ухагдахуун байдаг. Театр гэдэг бол үзэгчид тайзнаа тоглогдох жүжгээс гоо сайхны таашаал авч, чөлөөт цагаа тав тухтай, таатай өнгөрөөх орчин юм. Мөн театр бол хүмүүс хоорондын “амьд” харилцаа өрнөж байх учиртай орчин. Цагаа дөхүүлж, тулгаж ирэн шууд үзвэрийн танхимд орж суух бус, бас тоглолтын завсарлагаар суудалдаа шигдэх биш, хонгилоор алхаж, бусдыг харж, идэж ууж, тухалж, зугаалах орчин билээ. Театр тийм боломж бүрдүүлэх шаардлагатай. Энэ бол театрын соёл мөн. Ж.Вердийн “Макбет” дуурийг нээлтийнх нь хоёр өдөр буюу өнгөрсөн сарын 29, 30-нд үзсэндээ тулгуурлаж энэхүү материалыг бичсэн юм. Дуурийг энэ сарын 6, 7-нд мөн дараалан тоглосон байна билээ. Монголын дуурь, балетын театр урын сандаа ийм нэгэн дуурьтай болсон нь улс орны соёл урлагийн амьдрал дахь онцлох үйл явдал хэмээн үзсэн тул тэмдэглэв.
С.Энхбулаг
Хөгжим судлаач