СУИС-ийн багш нарын “Тэнгэр аялгуу” хамтлаг Япон Улсын Осака хотод энэ сарын 11-25-нд зохион байгуулах Дэлхийн цөөхүүл хөгжимчдийн 13 дугаар уралдаанд өрсөлдөнө. Тэд уралдааны эхний хоёр давааг давснаар шийдвэрлэх шатны шалгаруулалтад тоглох шилдэг 12 багийн нэгээр уригджээ. 30-аад улсын 84 хамтлагаас шигшигдэн шилдэгт багтсан “Тэнгэр аялгуу” хамтлагийнхан ирэх долоо хоногт Японыг зорих аж. Тус хамтлаг нь морин хуур, ёочин, лимбэ, эвэр бүрээ, их хуур хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй. Уг уралдаанд тэд монгол үндэсний болон дэлхийн сонгодог, орчин үеийн хөгжмөөс дээжилсэн 10 бүтээл илгээсэн байна. Тухайлбал, “Монголын нууц товчоо” зохиолоос сэдэвлэсэн “Нууцын эхлэл” бүтээлийг нь онцолж болох нь. Мөн А.Моцартын рондо, Ж.Бизегийн “Кармен” дууриас сэдэвлэсэн уран сэтгэмжийг ч шүүгчдэд онлайнаар сонсгосон аж. Арлын оронд очингуут эхний “тулаан”-аа Нагоя хотын ойролцоо хийх болсноо хамтлагийн эвэр бүрээч, ҮУИТ-ын хөгжимчин Н.Жүрмэддорж хэлэв.