“Макбет” дуурийн нээлтийн эхний өдрийн тоглолтыг үзсэн юм. Шүтэн бишрэгчийн сэтгэл хөдлөлөө дарсхийж байгаад дуурийн гоцлооч Б.Энхнаранд баяр хүргэе. ДБЭТ суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Макбет” дуурийг анхлан үзэгчдэдээ хүргэхэд тус театрын гоцлол дуучин Б.Энхнаран хатагтай Макбетын дүрээр үзэгчидтэйгээ дахин уулзсан нь дуурийн урлагт дурлагсдын бас нэгэн баярт мөч байлаа. Хүн төрөлхтний туулж ирсэн замнал ямар билээ. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх лүгээ адил араатны гэхээр араншин, хорон санаа, хуйвалдаан, эрх мэдлийн төлөөх улайрал, түүний эсрэг тэмцэл, улс гүрнээ байгуулж, бас сөнөөж ирсэн, мөн хамгаалж, хайрлаж ирсэн, басхүү аргагүй байдалд орсон ард түмэн амьдрах орон зай хайж орон гэр, эх нутгаа орхин дүрвэн дайжиж байсан түүх энэхэн бөмбөрцгийн олон улс гүрэнд бий.
XI зуунд Шотландад хаан ширээ, эрх мэдлийн төлөөх тэмцэл, улайрал бас л өрнөж, ард түмэн нь золиос болж л байж. Энэ тухай домогт В.Шекспир утга зохиолын аргаар өгүүлэн хүүрнэсэн байдгаас сэдэвлэсэн цомнолд дуурийн урлагийн мастер Ж.Верди тэртээ 1847 онд хөгжим туурвиж, дуурь болгон, улмаар 1865 онд дахин засаж, сайжруулсныг өдгөө дэлхийн дуурийн томоохон театрууд тайзнаа тоглосоор байдаг. Манай улсад харин дөрөв хоногийн өмнө энэ жүжиг төрлөө. Театрт шинэ бүтээл төрөх гэдэг бол уран бүтээлчид, үзэгчдийн баяр байдаг. Баярын сэтгэл ханамж хэр өндөр байх нь тухайн шинэ бүтээлийг амилуулсан уран бүтээлчдийн ур чадвараас ихээхэн хамаардаг билээ.
Монголын “Макбет”-ыг ДБЭТ-ын ерөнхий найруулагчаар томилогдоод удаагүй С.Баттулга зураач О.Баярмагнай болон бусад уран бүтээлчийн хамтаар үзэгчдэд хүргэлээ. Хатагтай Макбетын дүрийг амилуулсан уран бүтээлчийн тухай ярилгүй өнгөрч боломгүй санагдсан тул үзсэн, сонссондоо дөрөөлөн бичиж буй юм. Гоцлол дуучин Б.Энхнаранг Монголынхоо дуурийн урлагийн тайзнаа бүтээсэн олон гол дүрээр нь үзэгчид андахгүй байх. “Учиртай гурван толгой”-н Нансалмаагаас авхуулаад, “Богема”-ын Мими, “Чио Чио Сан”-ын Чио Чио Сан, “Евгений Онегин”-ий Татьяна гээд нэрлэж болно.
“Макбет”-ыг бүтээх, чухамдаа дүрд тохирох дуучин сонгох, тэдний тоглолт, дуулалтаар дамжуулан В.Шекспирийн эмгэнэлт зохиолын санааг ойлгомжтой гаргах, гэхдээ Ж.Вердийн хүссэнчлэн үзэгчийн сэтгэл зүрхэнд гүн бат хүртэл, хоногштол илэрхийлүүлэх гэдэг найруулагчийн толгойн өвчин гэлтэй. Эх орныхоо дуурийн урлагийн тайзнаа анхны томоохон бүтээлээ төрүүлсэн найруулагч С.Баттулга цэргийн нэрд гарсан жанжин ч гэлээ эхнэрийнхээ заавраар хөдөлж заншсан Макбетын эхнэрийн дүрийг бүтээлгэхээр хоёр дуучин сонгосны нэг нь дээр хэлсэнчлэн гоцлооч Б.Энхнаран байв. Тэрбээр дүрээ тод илэрхийлэв. Гэхдээ түүнд амаргүй байсан болов уу.
Яагаад. Урд орой нь тэрбээр үндсэндээ бие даасан тоглолттой байв. “Candlelight Night: The Voices of Opera Exclusive” тоглолтыг зохион байгуулагчдын урилгаар “On&Off “ концертын танхимд дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Э.Анхбаярын хамт оройжин дуулсан юм. Ж.Пуччинийн “Богема” дуурийн Мюзеттагийн ари, мөн түүний “Жанни Скикки” дуурийн Лауреттагийн “O mio babino caro” ари, “Чио Чио Сан”-ы Чио Чио Сан, А.Дворакийн (хэлж заншсанаар А.Дворжак) “Русалка” дуурийн Русалкагийн ари, Ф.Шубертын “Аве Мариа”, С.Рахманиновын “Энд ямар сайхан байна аа” романс зэрэг ихээхэн бэлтгэл, өндөр ур чадвар шаардсан найман дуу үзэгчдэд хүргэсэн. Мэргэжлийн дуу нэг, хоёрыг л дуулахад хэр их энерги зарцуулдаг билээ. Тоглолтын дараа дуучид тэднийг зорин ирсэн үзэгчдийг хүндэтгэж, хамтдаа нэлээд хэдэн цагаар сууцгаасан. Тэгсээр байгаад шөнө дундаас хойш унтахаар хэвтсэн хүн маргааш нь шинэ дуурийн гол дүрд тоглож байв. Хоёр үдэш томоохон хоёр тоглолт дараалуулах гэдэг манайд л байж болдог, буруу жишиг гэхээр. Энэ тухайд дуучныг өөрийг нь болон “Candlelight Night: The Voices of Opera Exclusive” тоглолтыг зохион байгуулагчдыг зэмлэлтэй.
Гэсэн ч дуучин бээр хатагтай Макбетын дүрд юу ч болоогүй юм шиг, огт ядраагүй мэт цаг үе, орчиндоо уусан, дүрдээ бат итгэлтэй орж тоглосон юм. Тийм ээ. Суут Ж.Верди оюун санаандаа бий болгож, хөгжмөөр илэрхийлсэн, нөхөртөө хайртай ч, эрх мэдэлд илүү дуртай, ханиа хайрлахдаа түүний өмнөөс хааныхаа аминд хүрдэг наанаа гэмгүй царайтай ч, цаанаа хортой хатагтай Макбетын дотоод сэтгэлийн өнгө нэг бүрийг гоцлооч Б.Энхнаран тод ялгаж, яруу сайхнаар харуулан дуулсан. Энэ тухайд найруулагч С.Баттулгын сэтгэгдлийг сонсов. Тэрбээр “Манай дуучид бүгд сайхан дуулсан. Та Б.Энхнарангийн тухай асууж байгаа болохоор түүний талаар юу бодож байгаагаа хэлье. Тэр хатагтай Макбетын дүрийг урлаж дууллаа. Би тайзны хажуугаас сонссон л доо. Эгшиг, штрих бүрээр хүслийг минь гүйцээн дуулж байхыг сонсоход баярласандаа болоод үе үе бие арзасхийж байв. Тэр үед би энэ бүсгүй дуурийн урлагийн Орос оронд суралцах хугацаандаа авах ёстойгоо авч чадсан юм байна гэж бодож байлаа. Анзаарахад хаана ч тэр заалгаад, заалгаад сурдаггүй, юм хүлээж авдаггүй хүмүүс байдаг. Б.Энхнаран сургалтын шимтэй бүхнийг өөрийн болгосон, ажил, туршлагаар баяжуулж яваа юм байна аа гэж бодсон. Би дуучдыг хөгжим шиг дуугардаг, дуулдаг байгаасай гэж их боддог юм. Заримдаа хэлдэг. Манай театрт тийм уран бүтээлчид бий. Б.Эрдэнэтуяа эгч, тенор Б.Батжаргал нарыг нэмж хэлнэ” гэв.
Монгол минь дуучдын орон билээ. Энэ цаг үед дэлхийн дуурийн урлагийн оргилд бахархалт баритонууд маань цог золбоотой явна. Сопрано хоолойтнууд маань дэлхийн нэр хүндтэй ямар ч тайзнаа, ямар ч дуурийн гол дүрд дуулах чадвартай гэдгийг дуурийн урлагийн монгол дэг сургуулийг бий болгож буй мэргэжилтнүүд хэлдэг.
ДБЭТ-ын гоцлол дуучид “Макбет” дуурийг удирдан тоглуулсан итали маэстро Стэфано Торболид өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна билээ. Тэрбээр “Монголын дуурийн дуучид хүчтэй хоолойтой юм” гэж нэгэнтээ хэлсэн. “Макбет”-ын нээлтийн эхний өдөр, тоглолтын дараа маэстрод баяр хүргэхдээ тэр үдэш дуулсан уран бүтээлчдийн тухайд асуухад “Дуучид бүгд гайхалтай сайн байлаа. Би баяртай байна” гэсэн.
Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Монголын урлаг болоод дуучдын тухайд юу гэж ярьсныг сонссоноо хуваалцъя. Тэрбээр “Манай дуучин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарыг дэлхийн театрууд яагаад дуулуулаад байгаа юм бэ. Тэдэн шиг дуулах чадвартай дуучид олон улсад мянгаараа бий. Гэтэл яагаад тэднийг гээд байгаа юм бэ. Манай дуучдад өнөөдөр дэлхийд үгүйлэгдээд байгаа өнгө байна. Нүүдэлчин хэв маяг, орон зайтай холбоотой энэ том соёл бол биологийн түвшинд, цусанд шахуу шингэсэн тэр бүх юм ертөнцийн хүмүүст цоо шинэ юм шиг санагдаж байгаа юм шиг. Хүн төрөлхтөн өнөөдөр Ногоон хувьсгал, эргээд байгальтайгаа яаж зохицох вэ гэж яриад байна. Тэгэхээр монголчуудын бий болгосон дуучид бэлтгэх дэг сургууль бол байгаль, хүн хоёрын хоорондох орон зай, цаг хугацааны өнгийг барьж буй хэрэг. Энэ бидний давуу тал. Тэгэхээр бидэнд дэлхий рүү цутгах, гарах боломж байна гэсэн үг” хэмээв. Тийм ээ. Яг түүний хэлсэнчлэн манай дуучдад бусдад байхгүй өнгө, мэдрэмж илүүтэй байх шиг.
Дуурийн “Алтан үе”-ийнхний бий болгосон, өвлүүлснийг өнөөдөр дуулах урлагийн дэлхийн боловсролыг эзэмшсэн залуу үе уламжлуулан, хөгжүүлж явна. Тэдний нэг гоцлол дуучин Б.Энхнарангийн тоглолтоор, дуулснаар дэлхийн утга зохиолын сод нэгэн төлөөлөл В.Шекспир бий болгож, хүн төрөлхтний үеэс үед залгамжлуулсан Макбет жанжны, дүрийн ч хань хатагтай Макбет гэж хэн юм бэ гэдэгтэй Ж.Вердийн тансаг хөгжимд хөтлүүлэн танилцав аа.