Манай хэсэг уран бүтээлчид Ф.Шопений хөшөөг бүтээж, нотыг нь бичсэн нь шүүмжлэл дагуулаад буй. Тухайлбал, төгөлдөр хуурч Ами буюу С.Алимаа "Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопений хөшөөг босгожээ. Гэхдээ өөр хүний зохиолын нотыг ард нь тавьж. Хөшөөг нь босгохдоо хөгжмийг нь судлахгүйдээ… Үгүй ядаж мэддэг хүнээс нь асууж тодруулж баймаар юм даа. "Marriage d'Amour" бол Ф.Шопений зохиол биш Paul de Senneville-н зохиол. YouTube-д нэг нөхөр Chopin Spring Valse гэж оруулчихсанаас болж хүмүүс хэсэг төөрөлдсөн. Польш Улсын Ерөнхийлөгчийг ирэхэд үзүүлж, булай болох вий дээ... Үтэр түргэн янзлаарай" хэмээн нүүр номдоо бичжээ.
Польшийн ЭСЯ-наас Ф.Шопений хөшөөтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд "Ф.Шопенийн дурсгалыг хүндэтгэх санаачилгад бид талархдаг. Уг хөшөө нь Элчин сайдын яам, Монголын төрийн байгууллагуудын оролцоогүй, хувь хүний санаачилга, санхүүжилтээр бүтээгдсэн. БНПУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд хийсэн ажил биш. Уран бүтээлчтэй хамтран энэ алдааг засах болно" хэмээжээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мөн дараах тайлбарыг өглөө. Тус тайлбарт "Уг бүтээлд төр засгийнхан оролцоогүй, цэвэр уран бүтээлчийн бүтээл болно. Түүнчлэн Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрт энэ хөшөөтэй холбоотой үйл ажиллагаа байхгүй болно" гэжээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй билээ.