Оросын алдарт зохиолч Н.В. Гоголийн "ТОГЛООМЧИД" зохиолыг энэ сарын 20-оос Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилуулах нь. Зохиолчийн тухайд Николай Васильевич Гоголь 1809 оны гуравдугаар сарын 31 буюу шинэ тооллоор дөрөвдүгээр сарын 1-нд Украины Полтав мужийн Великие Сорочинцыд төрсөн. Эртний Гоголь-Яновский хэмээх дээдсийн гаралтай овогтон байжээ.
Тэрбээр Оросын сонгодог зохиолчдын нэг юм. "Амьгүй албат", "Тарас Бульба", "Тоглоомчид" зэрэг романаараа алдартай. Эцэг Василий Гоголь нь украин хэлээр зохиолоо бичдэг зохиолч байсан. Михаил Булгаков, Фёдор Достоевский, Рюноскэ Акутагава, Фланнери О’Коннор, Франц Кафка нарын алдартнууд Гоголийн уран бүтээл тэдэнд том нөлөө үзүүлсэн гэж тэмдэглэсэн байдаг.
Их зохиолч 1828 онд Украинаас Санкт Петербург руу нүүж, 1831 онд Александр Пушкинтай танилцсан байна. Пушкин Гоголийн авъяас билгийг үнэлэн, нөхөрлөж байснаа олонтаа дурсаж үлдээжээ. 1834-1835 онд Петербургийн их сургуульд түүх зааж байсан. Хожим нь Петербургт үйл явдал нь өрнөдөг "Невскийн өргөн чөлөө", "Галзуу хүний өдрийн тэмдэглэл", "Хамар" зэрэг өгүүллүүдээ бичсэн. Гоголь 1836 онд "Байцаагч түшмэл" зохиолоо хэвлүүлснээр ихээхэн нэрд гарсны зэрэгцээ ихээхэн шүүмжлэлд өртөх болж, Ром руу явжээ. Тэрээр Байцаагч түшмэл жүжгээ Пушкины тусламжтай бичиж байжээ.
Н.В.Гоголь үлдсэн амьдралынхаа ихэнхийг Герман, Италид өнгөрөөсөн. Энэ үедээ алдарт "Амьгүй албат" романаа бичсэн бөгөөд 1-р боть нь 1842 онд хэвлэгдэв. Ихээхэн шүтлэгтэй тэрээр 1848 онд Иерусалим руу мөргөл үйлдэхээр одов. Тэндээс буцаж ирснийхээ дараа бурхны ариун замаар замнахаар шийдэж, бичиж дууссан байсан 2-р ботио шатаасан гэдэг. Харамсалтай нь 10-хан өдрийн дараа Москвад нас нөгчсөн юм. "Амьгүй албат" романы 2-р ботийн зарим хэсэг нь үлдэж хоцорсон бөгөөд хожим хэвлэгдсэн байна. Монголд өмнө нь 1985 онд түүний алдарт "Байцаагч түшмэл" зохиолыг найруулан жүжиг тавьж байсан. Энэ удаа Соёл, урлагийн салбарын шилдгийг шалгаруулах "Мөнгөн мод 2022" наадмын шилдэг найруулагч СТА Э.Ёндоншарав эл зохиолыг амилуулан олны хүртээл болгохоор ажиллаж байна.
Николай Васильевич Гоголийн “Тоглогчид” инээдмийн зохиол нь 1842 онд хэвлэгдэн гарчээ. Хэдий өрнөл, тайлал, үйл явдлын шугам дэс дараатай тодорхой болсон ч уг жүжгийг дуусгаагүй бүтээл гэж тооцдог. Үйл явдал нь мужийн нэгэн дэн буудлын газар нэг өдрийн турш болдог. Уг бүтээл нь зүгээр л хууран мэхлэх, луйврын тухай гашуун хошин шог биш. Гоголийн энэхүү сүүлийн драмын бүтээл нь худал хуурмагийн мөн чанар, нийгэмд бий болсон шударга ёс, ухамсрын талаарх гажуудсан үзлийн тухай бодрол юм. Энэ жүжигт албан тушаалтнуудын хээл хахуульд шунадаг, офицеруудын дунд нэр төртэй байх гэсэн хуурамч төрхийг доог тохуу хийж харуулдаг ажээ.
Жүжгийн:
Ерөнхий продюсероор Д.Цэрэнсамбуу /УГЗ/
Уран сайхны удирдагчаар Н.Ганхуяг /МУАБ, УГЗ/
Ерөнхий найруулагч Э.Ёндоншарав /СТА/
Орчуулагчаар М.Цогт
Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир /СТА/
Ерөнхий зураачаар Л.Сүхбаатар
Гэрлийн найруулагчаар Я.Батсайхан /СТА/
Зөвлөх зураачаар С.Ариунболд /СТА/
Туслах найруулагчаар Б.Сандуйжав /СТА/
Жүжиг чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг /СТА/
Гүйцэтгэх продюсероор С.Энхболд /СТА/ нар ажиллаж байна.
Дүрүүдэд:
Ихарев-Б.Шинэбаяр /СТА/
Утешительный-Н.Ялалт /СТА/
Кругель-О.Гэрэлсүх /СТА/
Швохнев-О.Майдарравжаа
Замухрышкин-Д.Мөнх-Од /СТА/
Глов аав-Г.Мөнхжаргал /СТА/
Глов хүү-Ц.Жаргалсайхан
Алексей-Ц.Рагчаа
Гаврюша- Б.Ганзориг
Буудлын үйлчлэгч-О.Долгор /СТА/
Буудлын үйлчлэгч-Т.Анхзул
Буудлын үйлчлэгч-И.Дашнамжил
Олны хэсэгт: СИТИ их сургуулийн оюутнууд тоглож буй.