Манайд “Хурд”, Б.Сарантуяа, “The lemons”, “The colors” зэрэг хамтлаг, дуучин пянзаа гаргаж байв. Тэдгээрээс Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хос алтан пянз хамгийн үнэтэй гэж болно.
Морин хуурын чуулгынхан саяхан хэвлүүлж, авчирсан хос пянзны баяраа өнөөдөр хийнэ. Германд мастеринг хийлгэж, Нидерландад үйлдвэрлүүлсэн уг хос пянзны үнэ 300 мянган төгрөг аж. Гэсэн ч баярынхаа үеэр үнээ15 хувиар хямдруулан худалдах гэнэ. Мөн гитарчин Д.Өлзий-Орших “Өөжгий” хос пянзаа гаргаад байна. Мөн л ХБНГУ-д мастеринг хийж, Нидерландад үйлдвэрлэсэн тус пянз нь 350 000 төгрөгийн үнэтэй аж. Ер нь манайд пянзны шинэ эрин эхэлжээ. Хамтлаг, дуучид ч пянзаа гаргахыг илүүд үзэх болов. Мөн пянз сонирхогчдын дунд солилцоо, наймаа байнга явагддаг юм байна. Гадаадын орнуудад хөгжимчид, дуучид CD хийлгэхээ бараг больсон гэнэ. Үйлдвэрлэл нь улам бүр хумигдаж буй аж.
Пянз тогтмол оруулж ирж борлуулдаг иргэн “Америкаас авчирсан есөн пянзыг бөөнд нь 180 мянган төгрөгөөр өгнө” гэсэн байхаар нь холбогдож мэдээлэл авлаа. Тэрбээр ийнхүү зарласан даруйдаа ихэнх пянзаа зарсан гэв. Одоо бол түүнд дэлхийн од дуучдын уянгын түүвэр дуутай нь хайрцгаараа буй аж. Тэдгээрийг багцаар нь 200 мянгад өгнө гэсэн. Мөн“Бага зэрэг хямдруулна аа” гэж байлаа. Ер нь дэлхий даяар түгээдэг пянзны шинэ нь манайхаар бол 20 мянга, харин хуучны, хэрэглэж байсан нь 40-50 мянга орчим төгрөгийн үнэтэй аж. Харин агуулга сайтай, цөөн тоогоор хэвлүүлсэн нь өндөр үнэтэй гэнэ.
Манайд “Хурд”, Б.Сарантуяа, “The lemons”, “The colors” зэрэг хамтлаг, дуучин пянзаа гаргаж байв. Тэдгээрээс Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хос алтан пянз хамгийн үнэтэй гэж болно. Түүний уран бүтээлийн дээжийг багтаасан уг хос пянзыг шүтэн бишрэгчид нь гэр бүлийнхэнтэй нь хамтарч бүтээлгээд, 1000 ам.доллароор худалдаж байв. Нэг удаагийн дуудлага худалдаагаар үнийг нь 11 сая төгрөгт хүргэж байлаа. Үнэ цохиж авсан бизнес эрхлэгч залуу “Гайхамшигт уран бүтээлчийн оюуны их өв энэ хэрийн үнэлэгдэх байх аа” хэмээн даруухнаар хэлсэн юм.
Манай улсад пянзны хэрэглээг дагаад тоглуулагчийг нь импортолдог газрууд ч нэмэгдэж байна. Тэдгээрээс “PC mall” болон “Ямаха” дэлгүүрт сонголт сайтай аж. Үнэ нь янз янз. Хамгийн багадаа 500 мянган төгрөг төлж авна. Саяас дээш төгрөгийн үнэтэй тоглуулагчийн чанар сайн гэдгийг өмнө дурдсан пянз борлуулагч хэлж байлаа. Пянз яагаад эрэлттэй болсныг сонирхогчид “Эдэлгээ сайн, “урт настай” нь гол үзүүлэлт. Мөн энэ цаг үеийнхний сонголт. Өөрөөр хэлбэл, хувцас загварт моод эргэдэгтэй адил” хэмээн тайлбарласан юм.