“Хөх сувд” мөсний баярыг энэ жил гуравдугаар сарын 2-4-нд зохион байгуулахаар төлөвлөснийг холбогдох байгууллагынхан мэдээлсэн ч хөтөлбөрийг нь танилцуулалгүй өдий хүрсэн юм. Аялал жуулчлалыг идэвхжүүлэх зорилгоор энэ жилээс илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн угарга хэмжээний хөтөлбөр, мэдээллийг оройтуулж буйд тус салбарынхан ихээхэн бухимдаж байв. Тэгвэл БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан “Хөх сувд”-ын хөтөлбөрийг уржигдар танилцууллаа. Энэ удаагийн мөсний баяр Хатгал тосгоны Хүй толгойн урд орших Хайчийн аманд болох нь. Нээлтийн арга хэмжээ гуравдугаар сарын 2-нд урлагийн тоглолтоор эхэлж, “Хөх цом” яруу найргийн наадам, “Этник парти” шоу үзүүлбэр, “Өвлийн гоёл” үндэсний хувцасны загварын уралдаанаар үргэлжлэх юм байна. Үүнтэй зэрэгцээд мөсний шагай, мөсөн сур харваа, тэшүүрийн тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, мөсөн урлалын үзүүлбэр зохион байгуулахаар төлөвлөжээ. Хоёр дахь өдөр нь буриад, урианхай, дархад, цаатан, халх, хотгойд угсаатны урлагийн тоглолт, олон ястны хоолны соёлын өдөрлөг мөсөн хотхонд болох аж. Мөн тусгайлан бэлдсэн мөсөн талбайд олс таталт, волейбол, сүмо зэрэг спортын тэмцээн явуулж, орой нь бөөгийн тахилга, галын наадам хийхээр товложээ. Харин наадмын сүүлчийн өдрийн арга хэмжээ тэшүүрийн чөлөөт үзүүлбэрээр эхэлж, мөсний хөлбөмбөг, унадаг дугуйн тэмцээн, мөс мөргөлдүүлэх наадаанаар үргэлжлэх нь. Баярын өдрүүдэд мэргэжлийн байгууллагынхан тахтай морин чарганы болон уулын шүхрийн аялал зохион байгуулах гэнэ.