Лангуу-кассны үнэ зөрдөг зөрчлийг давтан гаргуулахгүй байх чиглэлээр “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрийн удирдлагатай ШӨХТГ-ынхан уулзжээ. Энэ үеэр дээрх газраас эл зөрчлийг 2022 онд шалгаж, дөрвөн аж ахуй эрхлэгчид таван сая төгрөгийн торгууль ногдуулсан ч үүний талаарх гомдол ирүүлсээр, давтан гарсаар байгааг анхааруулав. Иймээс торгоод орхилгүй, ийм зөрчлийг арилгах суурь нөхцөл бүрдүүлж, хэрэглэгч хохирлоо бодитой арилгуулдаг байх нь чухал гэдэгт санал нэгджээ. Уулзалтад оролцсон аж ахуйн эрхлэгчдийн зүгээс “лангуу-кассны үнийн зөрүү гаргахгүй байх амлалт” хэрэгжүүлэхээ илэрхийлсэн аж. Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдэд лангуу-кассны үнийн зөрүү гарвал тухайн зөрчлийг дэлгүүр газар дээр нь шийдвэрлэн хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус өгөх зэрэг арга хэмжээ авах нь. Зөрчлөөс үүдэн гарах зөрүүгийн алдагдлыг дэлгүүр хариуцах бөгөөд энэ талаарх санамж, анхааруулгыг кассны дэргэд байршуулах гэнэ. Цаашид ШӨХТГ-аас зургаа, найман нэрийн барааны дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвүүдэд лангуун дээрх бүтээгдэхүүний үнийг байршуулж, хэрэглэгчийг мэдээллээр хангах үйл ажиллагааг аймаг, дүүргүүдийн ЗДТГ-уудын Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулах нь. Дээрх газраас мөн аймаг, дүүргүүдийн ЗДТГ-т тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зургаа, найман нэрийн дэлгүүрүүдэд лангуун дээр бүтээгдэхүүний үнэ байршуулдаггүй, лангуу-кассны үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байхад хяналт тавих ажлыг хариуцан зохион байгуулах чиглэлийг албан бичгээр хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, ШӨХТГ-аас “Юнивишн” ХХК-д ХХЗХ хянаж, зөвшөөрөл олгох хүртэл хугацаанд төлбөр нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцалж, үр дагаврыг арилгах арга хэмжээ хэрэгжүүлэх, цаашид үнэ, тарифын өөрчлөлтийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу хянуулсны үндсэн дээр мөрдүүлэхийг мэдэгдсэн. Тус компани нь “Зөвшөөрөл олгох хүртэлх хугацаанд хуучин тарифаа мөрдүүлэх, нэмэгдсэн тарифаар төлбөр төлсөн хэрэглэгчдийн төлбөрийн зөрүүг дараа сард нь шилжүүлэн тооцох зэрэг арга хэмжээ авахаа” дээрх хороонд мэдэгдсэн ч нэмсэн үнээр төлбөрөө нэхэмжилж буй талаар хэрэглэгчдээс гомдол ирүүлж байгаа тул “Юнивишн”-д улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.
Бэлтгэсэн Б.Сонор