Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс шилдэг бүтээл шалгаруулах олон улсын уралдааныг Ерөнхийлөгчийн ивээл доор анх удаа зарласан билээ. Үүнд найман улсын 108 гэрэл зурагчин 640 гаруй бүтээлээ ирүүлснээс гурван төрлөөр шилдгийг шалгаруулсан байна. Эл уралдааныг зохион байгуулснаар манай улсыг зорих гадаадын гэрэл зурагчдын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, дотоодын бүтээлийг олон улсад сурталчлан таниулах, түүгээр дамжуулан Монголд аялал жуулчлалын урсгалыг татах, байгалийн үзэсгэлэн болон ахуй соёлын онцлогоо бусдад таниулах өргөн боломжууд нээгдэж буй аж. 2022 оны шилдэг бүтээлээр Канадын гэрэл зурагчин Паул Зизкагийн “Тэнүүлчин” шалгарчээ. Үзэсгэлэнт байгаль төрөлд тэргүүн байрт Б.Эрдэнэбулганы “Дэлгэрхаан хайрхан” шалгарсан аж. Монгол ахуйн төрөлд П.Баатарзоригтын “Төвөргөөн” тэргүүлэв. Онгон байгаль төрөлд Г.Лувсангийн “Оройн анд”, Г.Довчиндоржийн “Нууцлаг нэгэн араатан”, Ч.Батзаяагийн “Хулан” бүтээл эхний гуравт оржээ. Уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг өчигдөр нээсэн бөгөөд нэг сар үргэлжилнэ.