Монгол Алтайн хадны зургийн цогцолбор дурсгалт газрын сор болсон дүрслэлүүдийг танилцуулах үзэсгэлэн нээлтээ хийлээ. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг 2011 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар ээлжит чуулганы шийдвэрээр Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэн авсан билээ. Энэ нь манай улсаас Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн хоёр дахь дурсгалт газар нутаг юм. Энэхүү хадны зургийн цогцолбор дурсгалт газрууд нь нийт 11,300 га талбайг эзлэн 3 хэсэг газарт оршдог.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь 1:1 хэмжээтэй буюу хадан дээрх дүрслэлийн хэмжээгээр нь гар зураг, гэрэл зураг болгон харуулж байгаа юм. Үзэсгэлэнд хүрэлцэн ирж дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборт газрын сор болсон дүрслэлүүдтэй танилцаарай. Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дөрөв хоног үргэлжилнэ.