АНУ-ын Невада муж улсад болсон завсрын сонгуульд Ардчилсан намын Кэтрин Кортез Масто ялснаар туснамСенатыг хяналтдаа үлдээж чадлаа. Төлөөлөгчдийн танхимын төлөөх тэмцэл дуусаагүй ч АНУ-ын Ерөнхийлөгч, Ардчилсан намын гишүүн Жозеф Байден сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ.
CBS телевизийн мэдээлснээр зургаан жилийн өмнө Сенатад сонгогдсон Өмнөд Америкаас гаралтай анхны хүн болсон Кэтрин Кортез Масто Ерөнхийлөгч асан Дональд Трампын дэмжсэн, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Адам Лаксальтаас илүү дэмжлэг авсан аж. Ийнхүү одоогийн байдлаар Ардчилсан нам Сенатад 50, Бүгд найрамдах нам 49 суудал аваад байна. Санал хураалтын дүн хараахан гараагүй цорын ганц муж улс нь Жоржиа. Тэнд ирэх сарын 6-нд Сенатын хоёр дахь шатны сонгууль болно. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жоржиа муж улсад ялж, Сенатад тус улсын гол хоёр нам суудал тэнцсэн ч үүнийг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч, Ардчилсан намын Камала Харрис шийдвэрлэх боломжтой.
“Сэтгэл хангалуун, дараагийн хоёр жилийг тэсэн ядан хүлээж байна” гэж Ж.Байден сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар хэлэв. Сенатын хяналтаа хадгалснаар ардчилсан намынхан Ж.Байдены санал болгосон нэр дэвшигчид, тэр дундаа шүүгчдийг албан тушаалд томилох боломжоо хэвээр үлдээнэ гэсэн үг юм.
СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН ХАМГИЙН САЙН ҮР ДҮН
Ж.Байдены нам Сенатад ялсан нь түүний нэр хүнд тааруу төдийгүй АНУ-ын одоогийн инфляцын түвшин сүүлийн 40 жилд байгаагүй өндөр байгаа үед онцгой үйл явдал болохыг ажиглагчид тэмдэглэв. Харин Ардчилсан намын Төлөөлөгчдийн танхимын хяналтаа алдаж, бүгд найрамдахчууд тэнд бага зөрүүтэй ч олонх болсон нь Ж.Байденд асуудал үүсгэх ч Бүгд найрамдах намын доторх томоохон хэмжээний хагарал түүнд ашигтай эргэж мэдэх юм. Америкийн завсрын сонгуулийн дүн уламжлал ёсоор сөрөг хүчнийхний талд гардаг. Тиймээс энэ удаагийн сонгуулийн дүн 2002 онд Бүгд найрамдах намын бага Жорж Бушийн нам Конгрессын хоёр танхимд ялснаас хойших сүүлийн 20 жилийн хамгийн сайн нь аж.
АНУ-ын инфляц дээд цэгтээ хүрч, одоогийн Ерөнхийлөгчийн үнэлгээ харьцангуй доогуур байгаа үед бүгд найрамдахчууд хоёр танхимд ялна хэмээж байсан шинжээчдийн олонхын найдлага талаар боллоо. Бараг хагас зуун жилийн өмнө гаргасан шийдвэрээ шинэчлэн баталж, эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг хүчингүй болгон, энэ асуудлыг тухайн муж улсын эрх баригчдын мэдэлд буцаасан Дээд шүүхийнх нь шийдвэр саяхан гарсан ньтийм найдлага төрүүлсэн аж. Гэнэтийн амжилтад урамшсан, удахгүй 80 нас хүрэх Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа нэр дэвших бодолтойгоо дахин илэрхийлж, “Бид төлөвлөсний дагуу дахин сонгуульд оролцоно” гэжээ. Аль нэг танхимыг хяналтдаа авах нь бүгд найрамдахчуудад Цагаан ордноос ирсэн бараг бүх саналд хаалт тавих боломж олгоно. Мөн бүгд найрамдахчууд Ж.Байдены засаг захиргааны үйл ажиллагааны талаар парламентын мөрдөн шалгалт хийхээр бэлтгэж байгаа юм. Эцсийн дүн хараахан гараагүй байгаа Жоржиа муж улсын хуулиар ирээдүйн сенатч сонгогчдын саналын тэн хагасаас доошгүй хувийг авах ёстой бөгөөд одоо байгаа Ардчилсан намын гишүүн сенатч Рафаэль Уорнок, түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Хершель Уолкер нар хоёрдугаар шатанд өрсөлдөх болжээ.
Бүгд найрамдахчуудын хувьд хамгийн тэмдэглүүштэй нь Нью-Йоркт намынхаа сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан, Ардчилсан намаас урьд нь сонгогдсон, одоогийн Конгрессын гишүүн Шон Патрик Малониг ялсан явдал юм. Ардчилсан намын хувьд хамгийн онцгой ялалт нь Пенсильвани муж улсад бүртгэгджээ. Бүгд найрамдах намаас урьд нь сонгогдсон гишүүнийг дахин сонгогдоно гэж үзэж байсан ч эцсийн дүнд тэрбээр өрсөлдөгч, саяхан цус харваж, одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй Жон Феттерманд ялагдсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Дональд Трампын албан ёсны дэмжлэг одоогийн Конгрессын гишүүнийг ялагдахад хүргэжээ. Сонгуульд бүгд найрамдахчууд илүү сайн оролцсон бол Д.Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ зарлах байсан байх. Гэхдээ одоохондоо тэрбээр энэ долоо хоногт том мэдэгдэл хийхээр амлаад буй. Түүнийг ядаж Жоржиа муж улсад хоёр дахь шатны санал хураалт явагдаж, ялагчийг эцэслэн тодруулах хүртэл хүлээхийг туслахууд нь зөвлөжээ. Трамп албан ёсоор дэмжсэн нэр дэвшигчид хамаагүй муу дүн үзүүлжээ. Охайо, Хойд Каролина муж улсын Сенатын сонгуульд ялсан ч Пенсильвани, Мичиганд түүний санал болгосон амбан захирагчид ялагдсан байна. Сонгуулийн ерөнхий дүн хүлээлтэд бүрэн нийцээгүйгЕрөнхийлөгч асан хүлээн зөвшөөрөхдөө энэ нь нэг талаар том ялалт болохыг тэмдэглэжээ.
БҮГД НАЙРАМДАХ НАМЫНХНЫ НАЙДЛАГА ЯАГААД ХӨСӨРДӨВ
Инфляц найман хувь хүртэл өсөж, Ж.Байдены нэр хүнд бага байхад бүгд найрамдахчууд Конгрессын сонгуульд томоохон ялалт байгуулна гэж найдаж байв. Хэдэн долоо хоногийн турш судалгааны агентлагууд болон тоймчид Ж.Байден болон Ардчилсан нам бүрэн ялагдал хүлээхийг анхааруулж байлаа. Гэвч сонгуулийн маргааш бүгд найрамдахчуудын хүсэн хүлээсэн “цунами” үүсээгүй нь тодорхой болов. Инфляц, эдийн засгийн хүндрэл сонгогчдын хувьд хамгийн чухал асуудал хэдийч ардчилсан намынхны айж байсан шиг үр дүнд нөлөөлсөнгүй. Энэ нь АНУ-ын эдийн засгийн өсөлт саарсан ч харьцангуй эрүүл хэвээр байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Эдийн засаг нь урьдын адил өсөж, үнэ нэмэгдэж буйч ажилгүйдлийн түвшин харьцангуй бага хэвээр. “Хүмүүс эдийн засагт сэтгэл хангалуун бус хэдий ч ажлаасаа халагдахгүй байгаа бөгөөд энэ нь үр хөндүүлэх эрх, шилжилт хөдөлгөөн зэрэг бусад асуудлуудаас чухал байв” гэж социологийн судалгааны “Ipsos” албаны дэд ерөнхийлөгч Крис Жексон хэлжээ.
Үүний сацуу эдийн засгийн асуудалд хандах хандлага харилцан адилгүй байна. Ардчилсан намынхан энэ жил ердийнхөөс арай гунигтай таамаг дэвшүүлсэн ч тэр нь бүгд найрамдахчууд болон бие даагчдаас илүү эерэг хэвээр байв. Тэдний хувьд уур амьсгалын өөрчлөлт, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, үр хөндүүлэх эрх зэрэг асуудал илүү чухал аж. Дональд Трампыг дэмжигчид эдгээр асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь Ардчилсан намын сонгогчдыг илүү идэвхтэй санал өгөхөд түлхэц болжээ. “Энэ удаа бүгд найрамдахчууд, тэр дундаа Трампыг дэмжигчид эдийн засгийг илүүтэй хэлэлцэх зэргээр тактикаа өөрчилсөн бол тэдэнд асар их ашигтай тусах байлаа” гэж К.Жексон тэмдэглэв.
АРДЧИЛСАН НАМЫН ҮНДСЭН СОНГОГЧДЫН ИДЭВХ ӨНДӨР БАЙЛАА
Урьдчилсан тооцоогоор энэ удаагийн сонгуулиар олон хэсэгт ирц дээд үзүүлэлт тогтоожээ. Үүнийг Ардчилсан намын гол сонгогчид, тэр дундаа нөхөн үржихүйн эрхийн асуудал чухал ач холбогдолтой залуучуудын идэвх өндөр байсантай холбон ажиглагчид тайлбарлажээ. “Z” үеийн сонгогчдын (2005-2012 онд төрсөн хүмүүс) ирц өндөр байсныг Сан-Антонио дахь Техасын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор тэмдэглэжээ. “Дээд шүүх АНУ-д үр хөндөхийг хуулиар зөвшөөрсөн “Вэйдийн эсрэг Роу” хэргийн талаарх 1973 оны шийдвэрийг зургадугаар сард цуцлаагүй бол гэмт хэрэг, цагаачлал, инфляцтай холбоотой асуудлын улмаас Ардчилсан нам дэмжигчдээ өдөөх ямар ч арга байгаагүй” гэж тэрбээр дүгнэв.
Үндсэн хуулиар олгогдсон үр хөндүүлэх эрхийг хассанаар бусад эрх ч эргэлзээтэй байдалд орох вий хэмээн эмээсэн гэж сонгуульд оролцсон, 19 настай оюутан Жэк Приббл хэлжээ. “Би ижил хүйстэн бөгөөд үр хөндөлтийн талаарх шийдвэр нь АНУ-д дарангуйллын бодлого хэрхэн өрнөж байгааг харуулсан” гэж тэрбээр өгүүлэв.
Нөгөө тээгүүр, Бүгд найрамдах намын зарим гишүүн, дэмжигчийн ирц бага байснаас итгэл найдвар тасарсан гэж үзжээ. Техас муж улсад Ардчилсан намын Винсенте Гонсалесад ялагдсан Бүгд найрамдах намын Майра Флорес “Бүгд найрамдахчууд болон бие даагчдыг дэмжигчид гэртээ сууж байна. Хэрэв та чадах зүйлээ хийхийг оролдоогүй бол үр дүнгийн талаар гомдоллох хэрэггүй” хэмээн жиргэсэн юм.
Д.ТРАМПЫН ТАЛААРХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА БОЛОВ УУ
Тогтсон дүрмээр бол төрийн эрх барьж буй Ерөнхийлөгчийн нам, энэ удаад Ардчилсан нам завсрын сонгуульд байр сууриа алдах ёстой. Калифорнийн их сургуулийн мэдээлснээр 1934-2018 онд эрх баригч нам дунджаар Төлөөлөгчдийн танхимд 28, Сенатад дөрвөн суудал алдсан байна. Өмнөх туршлага Бүгд найрамдах намд илүү амжилт итгэл төрүүлсөн байж магадгүй гэж Охайо муж улсын Кейс Вестернийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Жастин Булчер хэлжээ. “Олон хүн хэтрүүлэн бодсон. Таамаг дэвшүүлэхдээ болгоомжтой хандах өмнөх сонгуулиудын сургамжийн талаар хүмүүс бодох ёстой байсан” гэсэн тайлбарыг тэрбээр өгсөн аж.
Мөн энэ удаагийн сонгуулийг Дональд Трампын залгамж, Бүгд найрамдах нам дахь түүний нөлөө хэвээр байгаа, эсэх талаарх сорилт гэж олон хүн үзэв. Сонгогчид Д.Трампын нөлөөг сулруулахын тулд Ардчилсан намын төлөө саналаа өгсөн байж магадгүй гэж Техасын их сургуулийн улс төр судлаач Жон Тейлор дүгнэжээ. Тухайлбал, нэр дэвшигчдийн нэг нь Д.Трампыг дэмжихээ мэдэгдсэн нь түүний эсрэг санал өгөхөд хүргэсэн гэж Жоржиа муж улсын оршин суугч, 31 настай Алекс Хайд мэдэгдсэн байна. Тэрбээр хэнийг сонгохоо шийдэж чадахгүй удсан гэнэ. Тус муж улсад хоёр намаас нэр дэвшигчид эхний оролдлогоороо ялахад шаардлагатай 50 хувиас дээш санал авч чадаагүй.
АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалтаар тус улсын сонгогчид Төлөөлөгчдийн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр, Сенатын гуравны нэг, олон муж улсын захирагч, хууль тогтоох байгууллагын гишүүдийг сонгодог. Эцсийн дүн Жоржиа муж улсын сонгуулийнхаас шалтгаалах нь. Одоогоор Төлөөлөгчдийн танхимын хяналт бүгд найрамдахчуудад шилжээд байна. Сонгуулиас өмнө Конгрессын хоёр танхим Ерөнхийлөгч Жозеф Байдены Ардчилсан намынхны хяналтад байсан. Тодруулбал, Ардчилсан нам Конгресст 220, бүгд найрам дахчууд 212 суудалтай байв. Олонх болохын тулд нам 218 суудалтай байх ёстой. Бүгд найрамдахчууд одоогийн байдлаар 211, ардчиллынхан 204 суудал аваад байна. Сенатын танхимын хувьд хоёр намын үзүүлэлт 50:49-ийн харьцаатай явж буй.
Энэ сонгуулийн дүн Ж.Байдены үлдсэн хоёр жилийн ажил, бодлого, тэр дундаа Украин дахь ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцэлд хүчтэй нөлөө үзүүлнэ. Конгрессын доод танхимаа алдсан түүний байдал ирэх хоёр жилд хүнд байх нь. Бүгд найрамдахчууд Украинд тусламж үзүүлэх, үр хөндөлтийг хориглох гэх мэт хуулийг батлахад хориг тавихыг хичээж, өөрсдийн санаачилсныг батлахыг оролдох юм.