Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан спорт самбо бөх, байлдааны самбогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Гавьяат дасгалжуулагч Г.Үүрцолмон, Ц.Баярсайхан нарын удирдлагад Монголын 14 тамирчид өрсөлдлөө. Тус тэмцээний спорт самбо бөхийн +98 кг-ын жинд ОУХМ Д.Пүрэвдорж медалийн салхи хагалсан. Тэрбээр шигшээ барилдаанд эзэн орны Бекболот Токтогоновтой таарч, мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл байлдааны самбогийн төрөлд 58 кг-д Г.Баяндүүрэн БНСУ, Казахстан, Узбекистаны тамирчдыг буулган авч, дэлхийн аварга боллоо. Тэрбээр 2017 онд хүрэл медаль хүртэж байв. Түүнээс өмнө уг төрөлд манай тамирчдаас С.Орхонбаатар, Б.Дамланпүрэв нар аваргаар тодорч байсан юм. Тэмцээний -79 кг-д хүч сорьсон Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг дагах барилдаанд Африкийн аварга Камеруны Малаки Франск 2:0-ээр ялж, медалийн төлөө Гүржийн Макхурцашивили мөн 2:0-оор илүүрхэн хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр 2015 онд болсон ДАШТ-ээс алтан медальтай ирсэн билээ.