ХБНГУ-ын Брауншвейг хотод латин болон стандарт бүжгийн спортын ДАШТ боллоо. Тус тэмцээнд манай улсаас оролцсон “Moon dance” клубийн “Moon dance team” хамтлагийнхан II байр эзлэв. Энэ нь манай бүжигчид дэлхийн аваргын төлөөх тэмцээнээс медаль хүртсэн анхны тохиолдол боллоо. Бүжигчид “Дөрвөн махбодын хүч” сэдэвт, галыг дүрсэлсэн зохиомжоор оролцсон байна. Эл уралдаанд мөн манай улсын бүжигчдийн “Star dance” хамтлаг IV байрт шалгарчээ. Уралдааны I болон III байрыг германчууд эзэлжээ. Тэгвэл тавдугаарт Украин, зургадугаарт Австрийн баг шалгарав. Дэлхийн аваргын мөнгөн медальт “Moon dance” клуб 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд спорт бүжгийн ДАШТ-д олон жил оролцож буй туршлагатай билээ. Монголын, Азийн, Дэлхийн бүжгийн спортын холбооны гишүүн тус клуб 95 улсад зохион байгуулдаг арга зүй, систем, стандарт хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг аж. Бүжгийн сургалтыг ч энэ хүрээнд явуулдаг юм байна.
Бэлтгэсэн Р.Жаргал