Хэн хүнгүй нээгдэхийг нь тэсэн ядан хүлээсэн “Чингис хаан, хаад язгууртны музей” үүдээ нээв. Нээлтийн ёслолыг төгөлдөр зохион байгуулсан. Төрийн ордон дахь Төрийн есөн хөлт цагаан тугийг залж, их эзэн Чингис хаандаа, түүнийг залгамжлан, төрт улсыг нэгээс нөгөөд залгамжлуулан өнөөдөртэй золгуулсан түүхэн хүмүүст хүндэтгэл үзүүлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нээлтийн ёслолд оролцож, Төрийн тэргүүн үг хэлсэн юм.
“Чингис хаан, хаад язгууртны музей” нь “Чингис их хааны хүндэтгэлийн өргөө”, “Дэлхий дахин ба монголчууд: Монгол бахархлын танхим”, Чингис хааны угсааны хаад, язгууртны, Монголын эзэнт улс ба хант улсуудын, Их Монгол Улсын, Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн төрт улсын, Монголын эртний төрт улсын, “Үзэгчдийг угтах хэсэг, түр үзэсгэлэнгийн” гэсэн танхимтай юм байна. Музей нийт 12 мянга орчим үзмэртэй бөгөөд үүний 92 хувь нь эх үзмэр аж. Бусад нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байдаг зарим эд өлгийн зүйлийн хуулбар уран бүтээл гэнэ. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажаас бэлэглэсэн, их эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватиканд байдаг хаадын захидал зэргийн А хуулбарыг дурдаж болох нь.
Тус музейн үзмэрийн сан хөмрөгийг Монгол орны өргөн уудам нутагт зуун зуунаар хадгалагдаж ирсэн олдворуудаар бүрдүүлжээ. Мөн манай улсын бусад музейгээс шилжүүлсэн болон монгол иргэд, гадаадын байгууллагуудаас ирүүлсэн үзмэрүүдийг багтаасан байна. Тухайлбал, “Монгол цэргийн дуулга” гэсэн үзмэрийг төгөлдөр хуурч, дуучин, Гавьяат жүжигчин Н.Оюунтүлхүүрийн нөхөр Б.Балдорж Япон Улсад болсон дуудлага худалдаанаас үнэ хаян авч, тус музейд бэлэглэсэн байх жишээтэй. Энэ нь Хубилай хааны цэргүүд Японд очиж, байлдах үеэр далайд унасан малгай буюу төмөр дуулга аж. Түүнийг япончууд далайн ёроолоос гаргаж, дуудлага худалдаагаар зарсныг монгол залуу худалдан авсан түүхтэй ажээ. Тус музейн олон үзмэр уулга алдуулам ховор нандин юм билээ. Тэнд Парисын Луврын музей дэх, жил бүр олон сая жуулчин татдаг, суут уран бүтээлч Леонардо Да Винчийн “Мона Лиза” бүтээлтэй зүйрлүүлэн ач холбогдол өгөхүйц Өндөр гэгээн Занабазарын бүтээл “Ногоон Дарь эх” бурхан байна. Энэ бол тус музейн онцлох үзмэр. Дурдвал танхим бүрт анхаарал татам, хайр хүрэм бүтээл, олдвор олон бий. Энэ өдөр музейн тайлбарлагчаар захирал, академич С.Чулуун өөрөө ажилласан юм. Ширхэг чулуу, XII, XIII зуун, ер нь аль ч үеийн олдвор тус музейнхний хувьд асар их үнэ цэн гэдгийг мэдрэв. Эрдэмтэн, судлаачдын баг маш их тусалсан гэж тэрбээр ярьсан.
Зочдыг музейн танхимуудаар явуулж, үзүүлэн танилцуулсны дараа музейн барилгын оройд шовойж харагддаг хүндэтгэлийн өргөөнд залсан юм. Тэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар тайзнаа үг хэлсэн. Д.Рэгдэл академич “Бид 2008 онд монголчууд олимпын аваргатай болоход ингэж баярласан. Өнөөдөр тэр өдрийнх шиг баяр, бахдал төрж байна. Чингис хааныхаа сүр хүч, ивээл, сургаалд сүсэлж, эв эеийг хичээж, хамтаар сайхан амьдрахын ухаарлыг хэн хүнгүй мэдэрч байгаа болов уу” гэв.
Тус хүндэтгэлийн өргөөнд Чингис хааны долоон метр урттай, алтан баримлыг байршуулахаар Италид цутгах ажлыг хийлгүүлж байгаа гэсэн. Энэхүү бүтээлийг байршуулах ёслол ойролцоогоор жилийн дараа болох аж. Тус музей маргаашаас эхлээд олон нийтэд нээлттэй бөгөөд 16 хүртэлх насны хүүхэд болон ахмад настнууд үнэ төлбөргүй, насанд хүрэгсэд 30 мянгаар үзэх боломжтой юм байна. Нээлтийн ёслолд оролцсон зочдын нэг Ардын уран зохиолч Т.Галсан “Монголчууд бид гайхамшгаа гайхуулах ордонтой боллоо” гэж байлаа.