"Чингис хаан, хаад язгууртны музейн" нээлт өнөөдөр морин цагт эхэлж, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Ёслолд Монгол Улсад суугаа Элчин сайд нар, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, урлаг, соёлын олны танил эрхэмүүд хүрэлцэн иржээ. Нээлтийн эхэнд "Чингис хаан, хаад язгууртны музейн" захирал С.Чулуун үг хэллээ. Тэрбээр, "Эрхэм хүндэт зочидоо. Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойн намрын дунд сарын шинийн 17-ний билиг төгс өдрийн амар амгаланг айлтгая.
Өнгөрсөн 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Чингис хаан хаад язгууртны музейг байгуулах түүхэн шийдвэрийг гарсан цагаас хойш гурван намрыг үдэж, түмэн олондоо өв соёлынхоо дээжийг үзүүлэхэд бэлэн боллоо. Энэ музейн соёлын салбарт сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт юм. Ази тивдээ эхний 10-т багтах хэмжээтэй, аюулгүй байдлыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан, мэргэжлийн боловсон хүчээр бүрэн хангагдсан нүүдлийн соёлын цогц түүхийг олон нийтэд хариулж чадахуйц музей хэмээх шинжлэх ухаан, соён гэгээрлийн ордонтой боллоо" гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинаа тунхаглан бадраасан Эзэн Богд Чингис хаан мэндэлсний түүхт 860 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний түүхэн гавьяаг олон улсын түүхч, судлаачид онцлон тэмдэглэсээр ирсэн билээ. "Чингис хаан" музейг олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх нь зүйтэй юм. Монголын түүхэнд тодоор бичигдэх энэ музейн бүтээн байгуулалтад гар бие оролцож, сэтгэл зүтгэлтэй ажилласан бүх хүмүүст ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. Их хаадын суу алдрыг дэлхий дахинаа цуурайтуулж байхыг хүсэн ерөөе. Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдөл болсон "Чингис хаан" музейн өндөр их үүдийг албан ёсоор нээж байна" хэмээв.
"Чингис хаан" хаад, язгууртны музей аравдугаар сарын 12-ноос иргэдэд нээлттэй ба музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна. Тасалбарын хувьд нэг хүн 30,000 төгрөг байна. Харин оюутан 15,000, гэр бүл 20,000 төгрөг байх аж. Хуулийн дагуу 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй байх юм.