УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, " 2023 оны Монгол Улсын төсвийн хуулийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Төсвийн хуулийг дагасан 102 хуулийн төсөл бий. Үүн дотор Улсын төсөвтэй холбоотой 18 хууль, гүйцэтгэл засаглал болон төрийн хяналт шалгалтын тухай 82 хууль дагалдаж орж ирсэн. Намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар төсөв дагасан нийт 102 хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Төрийн албаны тухай хуульд хоёр нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж иржээ. Нэгдүгээрт, орон нутагт дахь төсвийн албан хаагч нарын цалинг 20 хувиар нэмэхийг улсын төсөвт тусгасан. Харин 20-оос бусад хувиар орон нутгийн төсвийн боломжоор цалинг нэмэгдүүлэх боломжтой. Хоёрдугаарт, 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэврээ тогтоолгоод үргэлжлүүлэн ажиллаад давхар цалин авч буй хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд оруулах юм байна. Тэтгэврийн насанд хүрсэн бол ажлаасаа гарах ёстой. Энэ бол зарчмын хувьд зөв" гэв.